Өчигдөр УИХ Өршөөл үзүүлэх хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж дэмжлээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дэх заалтад тавьсан хоригийг хүлээн 81.1 хувь, долдугаар зүйлд тавьсан хоригийг 83.1 хувийн саналаар хүлээж авав. Эцэст нь тогтоолыг гишүүдийн 83.1 хувийн саналаар баталсан. Хуралдаанд нийт 59 гишүүн оролцсоноос 48 нь хоригийг хүлээн зөвшөөрлөө.
Хуралдаан дээр хоригийг хүлээн авна, авахгүй гэсэн нэлээд ширүүн маргаан өрнөж, сүүлдээ өмнөх ээлжит бус чуулган хаалттай хуралдсанаас хэн ямар байр суурьтай нь тодорхойгүй байна гэх асуудал хөндөгдсөн.
Нөгөө талаас Өршөөл үзүүлэх хуулийн хоригийг хэн дэмжсэн дэмжээгүй нь харин ч ил харагдаж байна. Үүнийг энэ асуудлыг хэлэлцэхэд кноп дарсан хүмүүс болон гишүүдийн нийт ирцээс харж болно.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзсан 11 гишүүн нь Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Лу.Болд, Д.Ганхуяг, Ц.Оюунгэрэл, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Цолмон нар. Тэд авлигачдыг өршөөхийг дэмжиж буйгаа ил тод илэрхийллээ.
Нийт ирцээр нь харвал МАН-ын 26 гишүүн бүгд хуралдаанд ирсэн байна. Харин АН-аас 12 хүн, “Шударга ёс” эвслээс 2 хүн, ИЗНН-аас 1, бие даагчдаас мөн 1 нь ирсэнгүй. Тодруулбал, хуралдаанд дараах 16 гишүүн ирээгүй.
►АН-ын 12:
- 1. Н.Алтанхуяг
- 2. Д.Арвин
- 3. А.Бакей
- 4. Ж.Батзандан
- 5. Д.Батцогт
- 6. Д.Бат-Эрдэнэ
- 7. Б.Наранхүү
- 8. С.Одонтуяа
- 9. Ч.Сайханбилэг
- 10. Я.Санжмятав
- 11. С.Эрдэнэ
- 12. Д.Эрдэнэбат
►"Шударга ёс" эвслээс Н.Батцэрэг, М.Сономпил нар ирээгүй. Үндсэндээ МҮАН-ынхан нийтээрээ ирээгүй гэсэн үг. Тэднээс ирсэн ганц гишүүн Ц.Уянга нь эсрэг санал өгсөн.
►ИЗНН-аас С.Дэмбэрэл, бие даагчдаас: Х.Болорчулуун нар ирсэнгүй.
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (14)