Үндэсний брэнд “Еxclusive”-ийнхэн энэ сарын 19-20-ны өдрүүдэд “Хүннү молл”, “Номин” их дэлгүүрт байрлах өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдээ үнэгүй тараахаа зарлаж олон хүнийг баярлууллаа. Гэтэл энэ өгөөмөр шийдвэрийн цаана Монголд бизнес эрхлэхэд “амиа хорлох”-оос өөр аргагүй нөхцөл үүсдэгийг батлах томоохон гуниг оршиж байгаа юм.
“Exclusive” брэндийнхэн татварын дарамтаас үүдэн хаалга барьж байна. Үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч “Exclusive” брэнд 2011 оноос зах зээлд гарсан юм. Гэвч гурван жилийн өмнөөс буюу 2013 оны 11 дүгээр сард татварын шалгалтаар 150 сая төгрөгийн татварын өр ногдуулснаас энэ хэрэг манджээ.
Бусад татварын асуудалтай холбоотой өр нэмэгдэж, нийтдээ “Exclusive” брэнд улсад 174.659.000 төгрөгийн өрөнд ороод байгаа учраас эцэстээ бууж өгч, энэ үйлдлээрээ шударга бус асуудлыг төр засгийн түвшинд анхааруулахыг оролдож байна.
“Exclusive” брэнд Чингис бондоос 580 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаа явуулж буй. Ойролцоогоор 100 орчим ажлын байртай уг компанийн оёдолчид 1 сая хүртэлх төгрөгийн цалин авдаг аж. Татварын асуудлаас үүдэн хүнд байгаа хэдий ч ажилтнуудаа цомхотгох, цалин хөлсийг нь хасах зохицуулалт хийгээгүй аж.
Уг нь үйлдвэрлэгч болсон даруйдаа буюу 14-хөн хоногийн дараа НӨАТ төлөгч болж, борлуулалт, эргэлтийн хөрөнгө нь ч жилээс жилд нэмэгдэж тэрбум болтлоо өсч байжээ. Гурван сарын дараа буюу 2009 оны сүүл гэхэд 82 сая төгрөг, 2010 онд 356 сая, 2011 онд 1 тэрбум 107 сая, 2012 онд 1 тэрбум 500 сая, 2013 он буюу зээл авсан онд 786 сая, 2014 онд 1 сая 429 мянган төгрөг болж буурчээ.
ХУД-ийн татварынхан олон арван хүнийг ажлын байраар хангаж буй эмэгтэйд арай л дэндүү хатуурхаж. Байцаагчийн дургүйг хүргэснээс болж татварын өрийн асуудал анхан шатны шүүхээр орж, “Exclusive” брэндийг өрөө төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна. Брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг уг өрийг төлнө гэж гарын үсэг зурсан хэдий ч төлөлт хуулийн хүрээнд шийдэгдээгүй учраас Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс компанийн дансыг нь 2014 онд хаасан байна.
Европын орнуудад хүний наймаа, террорист халдлагад оролцсон тохиолдолд аж ахуй нэгжийн данс хаадаг жишиг бий. Гэтэл манай улсад анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шуудхан хааж орхисон нь тус компанийг ангал руу түлхэж буйгаас ялгаагүй байгаа юм.
Дансаа хаалгаснаар компанийн зарлага хийх эрх бүрэн хаагдаж, энэ хугацаанд гаднаас орж ирэх байсан 4 тэрбумын төсөл буцаагдсан хийгээд захирал Г.Майцэцэгийн гадагш явах эрхийг нь түдгэлзүүлсэн тул шинээр нээгдэх салбар дэлгүүрийн ажил саармагжсан зэрэг сөрөг нөлөөллүүд үүссэн байна.
Г.Майцэцэг “Татварын өрөө төлье. Тодорхой график гаргаж өгөөд, дансыг минь нээгээд өгчих” гэх хүсэлтийг тавьсаар нэлээд удаж байгаа аж. Харин Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн зүгээс “Хуулинд ийм заалт байхгүй. Бид хуулийг хэрэгжүүлэх ёстой агентлаг” гэж гэдийжээ.
Болгараас эх орноо зорьж ирсэн чадварлаг эмэгтэй Монголд бизнесийн дарамтын өмнө ингэж бууж өглөө. Түүний цаана 100 айлын хувь заяа бий.
www.24tsag.mn
Сэтгэгдэл (57)