Авлигатай тэмцэх газрыг сайндаа ч бид байгуулаагүй юм. Гадаадынхан их шахсан учраас л 2005 оноос хууль энэ тэрийг нь гаргахаар ярилцаж эхэлсэн юмдаг. Аргагүй л дээ. Янз бүрийн зээл тусламж нэхээд очихоор нөгөөдүүл нь өгсөн мөнгө хэн нэгний халаас руу тэр чигээрээ орчих вий гэж болгоомжилсондоо, “Танайд авлигатай тэмцдэг байгууллага бий юу” гэж асуугаад болохоо байчихгүй юу. Эхлээд ч яахав Эрүүгийн хуулинд ийм, тийм заалт байгаа гээд аргалчихдаг байж. Харин НҮБ-ын конвенц гэдэгт нэгдсэнээс хойш ийм тайлбарыг хүлээж авахаа болив. Гэтэл “Мянганы сорилтын сангаас” баахан мөнгөний сураг гараад ирэх нь тэр. Ингээд л манайхан Авлигатай тэмцэх газрыг байгуулсан юм. Өөрөөр хэлбэл монголд АТГ-ыг “Мянганы сорилтын сан” гэдэг “нөхөр” байгуулж, түүнийг шулуухан хэлэхэд эрх барьж байгаа намууд ээлжлэн ашигласан гэж хэлж болно. Ялангуяа эрх барьж буй намаас сонгогдсон Ерөнхийлөгч нар онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн байдаг. Одоо ч гүйцэтгэж байх шив дээ.
АТГ-ыг манайхан хүсэн хүлээж байлаа. Хар ухаанаар ойлгоход “Арын хаалга” нэртэй байсан юмыг “Авлига” гэх болжээ. Гэхдээ манай ханагарууд “Авилга гэнэ, үгүй ээ, авлига гэнэ, тэгж ч ярихгүй шүү хө, хээл хахуулиараа явна” гэх зэргээр асуудлынхаа агуулгын талаар бус нэрний нь талаар баахан маргалдсан юмдаг.
Дараа нь хэл шинжлэлийнхэн дээр очиж байж нэг муу юм нэгдсэн ойлголтод хүрсэн байх. Гэтэл ний нуугүй хэлэхэд яг юуг авлига гэх вэ гэдгээ одоо хүртэл ойлгоогүй л тууж явцгаана. Яагаад гэхээр эрүүгийн цагдаагийн газрын гадаа сууж баймаар нөхдүүд АТГ-ын үүдэнд харагдаад байдаг учраас тэр. Иргэний журмаар шийдэгдмээр хэргийг АТГ-ынхан атгаад суучихсан хүн зовоогоод байгаа харагддаг учраас тэр. Л.Гансүх нарын хэргийг харахгүй юу.
Эхлээд эмчид өгсөн ганц шил юм, хүүгийнхээ багшид талархаад өгсөн ганц хайрцаг чихрийн цуглуулга зэргийг анх авлига гээд л баахан шуугив даа. Чихэр өгвөл авлига болдог, цэцэг өгвөл болдоггүй нэг тийм хачин, хачин ойлголтууд дунд АТГ-ынханы ч толгой эргэсэн байх. Харин хаа очиж зорилго нь тодорхой байсан. Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага байна гэж. Ингэснээр шударга ёсыг тогтоож, хөгжил дэвшилд хүргэнэ гэж тооцсон юм.
Гэвч АТГ-ын ажил төрөл хэн хүний санаснаар амархан бүтсэнгүй. Дарга нь хэн байх вэ гэдэг дээр баахан юм болов. Яагаад гэхээр нийгмийн дунд энэ газарт хамгийн үнэнч шударга, хамгийн нэр цэвэр, хамгийн чадалтай, хамгийн сайн мэргэжилтнүүд байх ёстой гэсэн нэг ийм эерэг төсөөлөл аль хэдийнэ бий болчихоод байсан хэрэг. Харин том дарга нар огт өөр санаа агуулж байсан биз. Анхнаасаа л даргаар нь ийм, тийм хүн тавина гээд эхэлсэн л дээ. Эндээс л чухамхүү авлигалд идэгдсэн нийгмийн хамаг бүхэн цухуйж, түүний оргил хэсэг энэ байгууллагыг өөрсдийнхөө улстөр, хувийн зорилгоор ашиглах муна бороохой болгох нь тодорхой болоод ирсэн юм. Тэгээд яалаа даа, 2006 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр түүний анхны даргаар томилогдож байсан Б.Дангаасүрэн нэг жил хүрэхгүй шахам хугацааны дараа Австралид учир битүүлгээр амь үрэгдсэн шүү дээ.
Ингэхэд хуульчид битгий хэл жирийн иргэн хүртэл түүнийг тун шударга, нүдээ олсон томилгоо гэж байсан юм шүү. Гэвч эхнээсээ л мань хүн томчуудтайгаа АТГ-ын талаар зөрчилдөөд эхэлсэн нь ажлаа аваад 10-аадхан хонож байхдаа нэгэн сонинд өгсөн ярилцлагаас тодорхой байдаг. Тэрбээр өөрийнхөө дэд дарга нарын томилгооны талаар өгүүлэхдээ, “...Сонин хэвлэлээр яригдаж байгаа нэр усыг харахад АТГ-ын дэд даргад тохирох хүмүүс биш байна билээ. Миний мэдэхээр дандаа хэл амтай хүмүүс байсан…Хэрвээ Ерөнхийлөгч дэд даргаар эдгээр хүмүүсийн нэгийг санал болгож байгаа бол би авахгүй л гэж хэлнэ. Гэхдээ төрөөс ийм хүмүүсийг батлаад өгдөг юм бол би тэр хүмүүсийн гаргаж байгаа үйлдлийг хариуцахгүй…Дөрвөн газрын даргаар…намайг ийм, тийм хүн ав гэж шахалт ирэх юм бол би хүлээж авахгүй…Сүүлийн 10 гаруй жил Авлигын тухай хууль байсаар байхад түүнийг цагдаа, прокурор, шүүхийн байгууллага биелүүлээгүй. Дахин хэлэхэд биелүүлээгүй, зарим талаар биелүүлэх сонирхол ч байгаагүй юм шүү… Би хэний ч дарамтад орохгүй…Ямар ч байсан цагдаа, прокурор, шүүхийнхэн шиг ийм үлбэгэр байдлаар ажиллахгүй…Амьдрал ахуйд халгаатай ч байж болно, халгаагүй ч байж болно. Гэхдээ миний зүгээс халгаатай гээд бэргээд байх явдал байхгүй…”.гэжээ. Ингэхэд АТГ-ын дэд даргын нэрийг Ерөнхийлөгч оруулах ёстой байдаг. Тэр үед Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр ажиллаж байсан юм шүү дээ.
Дараагийн дарга нь цагдаагийн хурандаа асан Чимгээгийн Сангарагчаа. Бараг дөрвөн жил шахам даргалсан байх. Тэгээд л 2011 онд шоронд орсон. Мөн дэд дарга Д.Сундуйсүрэн нь ч орсон. Тэр үед АТГ-ын дарга нар шоронд орж байна гэхээр мөн ч инээдэмтэй санагдаж байв даа. Нөгөө АТГ-ыг байгуул гэж шахаад байсан гадаадынхан юу гэж бодож байсныг чөтгөр бүү мэд. Лав л над шиг инээж суугаагүй байх. Ямар ч байсан АТГ-ын доторхи хоёр том намын “фракцууд” хэл амаа ололцоогүйн дээр хоёр намын томчуудын далд тэмцлийн оч тэнд аль хэдийнэ гал болон дүрэлзэж эхэлснийг энэ хэрэг явдал гэрчилсэн юм.
Нөгөө талаас АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатын эсрэг мөн ч увайгүй үйлдлүүдийг хийсэн дээ. Хүүхэн шуухантай холбоод л. Нөгөөх нь нүүр амаа алчуураар баглаж байгаад зурагтын дэлгэцээр яриад л. Даанч энэхүү хамгийн бохир, бүдүүлэг, ур хийц муутай компромат нь олон түмэнд огт хүрээгүй. Тэгсхийгээд энэ нөхөр ч ажлаа өгсөн шиг санагдаж байна. Одоо нөгөө албан тушаал дээрээ ажиллаж байгаа байх шүү.
За тэгээд дараа нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын “хөл гозгоносон” явдал ч АТГ-ыг атгаж байсантай нь холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тэртэй, тэргүй хэний хоолыг иднэ, түүний төлөө хуцна гэсэн ертөнцийн хэн ч дийлээгүй нэгэн бичигдээгүй хууль байдаг. Мөн анхны нь дарга Б.Дангаасүрэн гуайн үхлийн шалтгаан ч үнэн мөнөөрөө тодрохгүй. Гадаадад байтугай дотооддоо алуулчихсан С.Зоригийн хэрэг илрэхгүй байхад чинь.
Авлига гэж хэн нэгэн өөрийнхөө эрх ашгийн төлөө албан тушаалтанд май гэж мөнгө төгрөг өгөөд, тэр нь нийтийн ёс зүйд таарахгүй байгаа учир заавал шийтгэх, ял зэм үүрүүлэх ёстой үйлдэл гэж мунхаг бид боддог. Тиймээс АТГ байгуулагдахад мөн ч их баярласан юмдаг. Яагаад гэхээр оноо нь тэнцсэн мөртөө ямар нэгэн шалтгаанаар хасагдаад байгаа хүүхдээ их, дээд сургуулиудад оруулахын тулд сая саяаар нь мөнгө өгөх хэрэг гардаг байлаа.
Судлаач Д.Ганхуяг гуай энэ газрыг фашистын гестапо болжээ гэсэн тал бий.
Хамгийн өндөр авилга авдаг сургуулиуд ч тодорхой байв. Гэхдээ түүнийгээ хандив гэсэн нэрийн дор авахыгаа тэд нар мэдэлгүй яахав. Үүнийг л наад зах нь болиулаасай гэж иргэд хүсч байсан юм. Яагаад гэхээр хөрөнгө мөнгөний бололцоотой айлын нойль оноо авсан хүүхдүүд ногоон гэрлээр сургуульд орж, суудлыг нь бөглөчихөөд байснаас тэр. Тендерийн 10 хувь гэж улаан цагаан болоод байгаа юмыг зогсоогоосой гэж хүсч байлаа. Төрийн албанд орохын тулд сая сая төгрөгийн хахууль өгдөг явдал устана байх гэж найдаж байсан юм. Гэтэл тэгсэнгүй. Харин ч өнгөрсөн жилүүдэд иймэрхүү авлигын арга нь улам нарийсч, энэ хэрээр улам цэцэглэв. Өнөөдөр авлигыг шуудхан нэхээд авчихдаг ширэн нүүртэнгүүд л гэхэд мэргэжлийн хяналтынхнаар дүүрэн байна.
Энэ мэтийн мэдээллийг АТГ огт дуулж сонсдоггүй гэхэд итгэхгүй байна. Ямар ч байсан АТГ-д болсон нэгэн хурлын үеэр ийм баримт өгье, та нар шууд шалгаад эхлэх үү хэмээн нэг нөхрийг асуухад АТГ-ын хурал хийлгэж байсан нөхөд таг дуугүй сууж байснаа инээгээд өнгөрч байсан юмдаг.
Нэгэнтээ манай урдаа барьдаг судлаач Д.Ганхуяг гуай энэ газрыг фашистын гестапо болжээ гэсэн тал бий. Үйлдэл нь өөрөө үүнийг улам батлаад байгаа юм. Юун соён гэгээрүүлэх. Харин ч тарвага сахисан анчин шиг ард олноо ямар нэг буруу зөрүү юм хийхийг анаж байгаад барьж хорин тамлаад байна уу даа гэхээр харагддаг болж.
Яагаад гэхээр энэ байгууллага маш хаалттай байдаг. Хаалтай бүхэн араасаа асар их хардлага дагуулдаг нь бас л хорвоогийн жам. Мөн хаалттай байгууллагуудын гаргасан мэдэгдэл хүний зүрхэнд маш хүчтэй тусдаг. Тухайлбал, АТГ-аас мэдээлэл хийгээд ийм тийм хүн, ингэж тэгж идсэн, уусан байна гэхэд л олон нийт шаагилдаад, нөгөө нөхрийг зүхээд эхэлдэг. Уг нь шүүх гэдэг байгууллага л энэ хүн гэмт хэрэгтэн мөн, биш гэдгийг тогтоодог биз дээ. Тэгвэл манайд үгүй. Шүүхээс өмнө нөгөө нөхрийг ам дамжсан хов жив, цаашлаад цахим ертөнцөөр санаатай санаагүй үр удмаар нь шоронд хийгээд шороонд булаад хаячихдаг онцлогтой.
Өдгөө төрийн байгууллагуудыг рейтингээр нь жагсаавал АТГ хаана нь залрахыг мэдэхгүй байна. Ямар ч байсан олны ам тэднийг улстөрчдийн нохойд барьдаг мод болжээ гэдгийг ил тод ярьж байгаа. УИХ дээр ч төрийн түшээ нар хэлэх болсон байна билээ. Ер нь АТГ-ыг хардаж сэрдэн, хамгийн муу муухай бүхэн шүглэсэн газар гэж үзэх нэг үндэс нь тэдний хаалга хатуу чанд хаалттай байдгийнх.
Наад зах нь бусдынхаа адил мониторинг хийлгэдэггүй. Уг нь үүрэгтэй. Хөндлөнгийн байгууллагар мониторинг хийлгэх үүрэгтэй байдаг. Мөн ямар ямар газар мониторинг хийлгэх вэ гэдгийг АТГ гаргаж өгдөг. Өнгөрсөн онд л гэхэд “Баянзүрх консалтинг” гэдэг хуулийн фирм Засгийн газрын 26 агентлаг, төрийн өмчит 44 компанид авлигын чиглэлээр мониторинг хийсэн байна билээ. Уг нь ийм шалгалт судалгаа хийлгэх төрийн долоон байгууллагын наймдугаарт нь АТГ байдаг юм гэсэн.
Гэтэл хэн АТГ-д авлигын асуудлаар мониторинг хий гэсэн үүргийг өгөх вэ гэдгийг хүмүүсээс асуухад мэдэх нөхөр гарсангүй. Тэгэхээр нөгөө, “Хэн ч халдашгүй дархан хилийн овоо” гэдэг дуу шиг АТГ хэмээх энэ газар эрх баригч улстөрийн нам, улстөр, эдийн засгийн бүлэглэлийн ашиг сонирхлыг хамгаалсан, “хэн ч халдашгүй дархан төрийн бороохой” мэт харагдах болж, нөгөө ард түмний зүгээс авлига гэгч айхтар мангасыг дарах үндсэн үүргээ мартсан газар хэмээн хэлэгдэх мөч мөн ч ойрхон байна даа.
Д.Гал
Сэтгэгдэл (16)