УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар 2016 оны төсвийн төслийг үргэлжүүлэн хэлэлцээд хоёр дахь шатны хэлэлцүүлэгт шилжив.
Хэлэлцэж буй асуудалдтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: АСЕМ-ын уулзалтад хөрөнгө төсөвлөж байгааг дэмжээд гэхдээ энэхүү уулзалтыг далимдуулж илүү мөнгө төгрөг гаргах гэсэн оролдлого байж болохгүй гэсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Есөн яамтай болно гэж байгаа бол нэгдүгээр сарын нэгнээс хийчих хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Царцаагдсан обьектуудыг цаашид барьж дуусгаад заримыг нь хувийн хэвшил рүү шилжүүлэх хэрэгтэй. Засаг захиргааны олон барилгыг сургууль цэцэрлэг болгох нь зөв.
Цалинтай холбоотой асуудлыг хэд хэдэн гишүүн тодруулж Сангийн сайдаас лавлахад Б.Болор сайд, “Ирэх онд улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэлх хувь бууруулах ажил хэвээр үргэлжилнэ. Төсөв сайжирсан үед цалин нэмэх асуудлыг хөндөнө. Төрийн албан хаагчдаа цомхотгохоосоо илүү хувийн хэвшил рүү шилжүүлэх бодлого барьж байна. Үүний зэрэгцээ ажлын байрны давхардал маш их байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нарыг үүн дээр ажиллаж, сул орон тоон дээр хүн нэмж ажиллуулахгүй байх чиглэл өгч байгаа. 15 хувийн хэмнэлтийн тухай асуудал дээр эрүүл мэнд, боловсролын салбарыг бага хамруулж, бусад салбарт таналтыг нэлээд хийсэн” гэв.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Онцгой албан татварын хуулинд өөрчлөлт оруулах замаар ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бүх орлогч нарыг танах хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Загастай давааны 67 км замыг засварлана гээд хоёр жил боллоо. Загастайн даваа маш өндөр даваа. Санхүүжилтэд онцгой анхаарч өгөөч” гэсэн хүсэлт илэрхийлсэн. Мөн тэрбээр Байгаль хамгаалах санг татан буулгахыг эсэргүүцэж буйгаа хэллээ.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Хэдэн агентлагийг нааш цааш болгоод өөрчлөлт болж чадахгүй. Шилэн дансны биелэлтийг харахад АНУ явж туршлага судална гээд зарим нэг албан хаагч 2-3 хүний жилийн цалингаар тансаглаж байна. Энэ мэт асуудлаа олж харах байтал цалингийн асуудлыг хамгийн түрүүнд ярьж байна.
УИХ-ын гишүүн Су.Батболд: Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж тендэрийг яам, нийслэл, аймаг бүрт хариуцуулах болж байгаатай санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж энэ асуудлаар МАН-ын бүлэг тэмцэх болно гэв. Үндэслэлээ тэрээр “Яамны сайд тендэр хариуцах нь зохисгүй байна. Тусад нь байлгах ёстой гэж үзсэнээр УИХ хууль баталж Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан. Гэтэл одоо эргээгээд татан буулгахаар оруулж ирлээ. Буцаад сайд тендэр хариуцах нь. Энэ чинь 2016 оны сонгуулийн мөнгөө босгох гэсэн башир арга. Хэрвээ энэ газрыг татан буулгавал Сангийн сайд таныг огцруулах асуудлыг тавина. Үндэсний статистикийн хороог Засгийн газрын мэдэлд авна ч гэх шиг. Дэлхийд Засгийн газрынхаа харьяанд энэ хороо нь байдаг жишиг байдаггүй. Нэг бол УИХ-ынхаа дэргэд, эс бол Ерөнхийлөгчийнхөө харьяанд байдаг юм.
УИХ-ын гишүүн С.Оюун: Засгийн газрын боловсруулсан төсвийн төсөлд сэтгэл дундуур байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Орлого, зарлагаа хэр бодитой тооцсон бэ гэдгийг тодрууллаа. Үүнд Сангийн сайд “Орлого, зарлагын хувьд бодитой. Өмч хувьчлал, том төслүүдээ явуулна гэж тооцсон. Ирэх жил төсөл явах бүрэн боломж бүрдсэн. Өмч хувьчлал дээр том обьектууд гарч ирнэ.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Улсын хэмжээнд 96 мянган ахмад настан хамгийн бага тэтгэвэр буюу 230 мянган төгрөг сардаа авдаг. Сардаа энэ хэмжээний тэтгэврээр амьдрахад амаргүй. Сүүлийн гурван жилд бараа, бүтээгдэхүүний үнэ асар их өссөн. 96 мянган ахмад настны тэтгэврийг тус бүр 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд нийтдээ 34.8 тэрбум төгрөг шаардлагатай. УИХ-аас архи, тамхины Онцгой албан татварыг бууруулах хууль баталсан. ОАТ-ыг 25 хувиар бууруулсан. Үүнийгээ буцаагаад өөрчилье. Архи, тамхины ОАТ-ыг 25 хувиар бууруулахаас өмнө төсөвт жилдээ 320 тэрбум төгрөг төвлөрдөг байсан. Бууруулснаар татварын хэмжээ 62 тэрбум төгрөгөөр багассан. Эндээс ахмад настнуудын тэтгэврийг нэмэх боломж байна гэдгээ Сангийн яамныханд санал болгож байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төсвөө, Мөнгөний бодлоготой хамт хэлэлцэх шаардлага байна. Хамгийн их санаа зовоож байгаа юм өр боллоо. УИХ-аар Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан ч өрийн дарамт сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн. Тоо том байна ч гэж тоохоо болилоо. Өнөөдрийн байдлаар 21 тэрбум ам.доллартай тэнцэх өр бий болсон. Зээлийнх нь хүүд нийт төсвийнхөө дөрөвний нэгийг өгнө. 2017, 2018 онд нийт төсвийнхээ орлоготой дүйх 7-8 их наядыг төлөх болж байна. Тийм учраас 2016 оныхоо төсвийн алдагдлыг бууруулж, 2 хувьтай батлах шаардлагатай байна. Төсөв дээр реформ шинэчлэлээ эхлүүлээч ээ. Өнгөрсөн жил төсвөө батлахдаа нэг их наядаар илүү хөрөнгө оруулалт баталж, төсвийн тодотголыг хэд, хэдэн удаа хийх нь хариуцлагагүй явдал. Тооцоо судалгаа муу байна. Хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчлөх цаг болсон. Төсөв дээр хэмнэлт хийхээр оруулж ирсэн иргэний зоригийг тань үнэлж байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын зарчмаа шинэчил. Өнгөрсөн жил 50 орчим тэрбум төгрөгөөр зургаан бүсэд эмчилгээ оношлогооны төв байгуулсан. Одоо тэгтэл тоосонд дарагдаад байж байна. Зардлыг нь төсөвт суулгаагүйгээс. Маш үнэтэй аппаратууд ажиллахгүй байна. урсгал зардал нь 1 тэрбум, нийтдээ 6 тэрбум төгрөгийг төсөвт суулгах шаардлагатай. Ингэчихвэл орон нутгийн иргэд Улаанбаатар хот руу ирж, зардал чирэгдэл болохгүй.
Үүгээр уг асуудлыг тойрсон асуулт, хариулт өндөрлөлөө.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нар Оюутолгой төслийн хэрэгжилттэй холбогдуулан асуулга тавьсан юм. Тэдний асуулгад хариулж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)