УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг “МАНАН-ын захилга ба Сонгуулийн хууль” сэдэвт өргөтгөсөн хурал хийлээ. Хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ болон холбогдох бусад хүмүүс оролцов.
Тус намууд Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ энэ үеэр мэдэгдэв. Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Харин дээрх намууд тус шийдвэрийг төрийг үймүүлсэн дэндүү хариуцлагагүй үйлдэл хэмээн эсэргүүцэж АН болон МАН-д мэдэгдэл хүргүүлэхээр болов.
Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр үг хэллээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр:- Монгол Улс 1992 оноос хойш сонгууль явуулчихаад системээ олж чадахгүй будилсан хэвээр байна. Ардчилсан нийгмийн гол зарчим нь нэг ч иргэний санал гээгдэх ёсгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, хөгшид эмэгтэйчүүд ч байсан эрх ашгийг нь хамгаалах ёстой. Хүн бүхний эрх ашгийг дээдлэх ёстой. Гэтэл одоо хиймэл олонхийг бий болгож өөрсдийн эрх ашгийг МАНАН хамгаалах гэж байна. Намайг ингээд ярихаар МАН, АН-ынхан “тойргоос гарч чадахгүй хүмүүс ингэж ярьж байна” гэж басамжилж байна. Үнэхээр шударга сонгууль болвол би тойрогт гарч ирж чадахгүй ч тодорхой хэмжээний тойргуудад гарах боломжтой хүмүүсийн нэг гэж үздэг. Гэхдээ би өөрийгөө бодож шударга бус, олонхийн дарангуйлалыг тогтоохыг хүсэхгүй байна. МАНАН-ын захиалгаар бий болсон олонхийн тогтолцоог дархлах гэж байгаа зарчмыг бий дэмжихгүй байна. Би ганцаараа аль нэг тойргоос гарч магадгүй. Гэхдээ энэ зөвхөн Н.Энхбаярын эрх, ашиг биш юм байна. Энэ бол нийт ардчилалын хувь заяа юм байна гэж бодож буй учир энэ талаар өөрийнхөө үгийг хэлж байна. Яагаад ийм муухай захиалгат үйл ажиллагаа явуулж байна вэ. Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байна. Цэц үндсэн хуулийг манаж байгаа нь үнэн юм бол нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь шүүхтэй адилхан шийдвэр гаргадаг байгууллага. Шүүх нэг хүнийг алуурчин эсвэл аврагч гэж дүгнэж болохгүй шүү дээ. 2012 онд Үндсэн хуулийн цэцээс намын жагсаалтаар сонгохыг хууль зөврчөөгүй гэж үзчихээд өнөөдөр хууль бус гэж байна. Сонгууль болохоос хоёрхон сарын өмнө ийм шийдвэр гаргаж байгаа нь МАНАН-ийн захиалга гэж харахаас өөр аргагүй болгож байна. Тиймээс онол, практикийн аль алиных нь хувьд Монголын ардчилалд асар том аюул занал учруулсан шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргалаа. Монголчуудыг хагалган бутаргасан большевик дэглэм рүү ойртуулсан аюултай алхам гэж үзэж буй учир энэ саналыг хэлж байгаа юм. Түүнээс биш ард түмэн өөрийнхөө төлөөллийг шууд сонгох гээд байхад нь бид саад учруулах гэсэнгүй. Сант-Маралын судалгаагаар МАН 21, АН 17, МАХН 11 хувийн рейтингтэй байна. Энэ гурван нам нийлээд 49 хувийн рейтингтэй байна. Энэ гурван намыг дэмжиж байгаа хүмүүс Монголын нийгмийн 49 хувь нь л юм байна. Тэгвэл нөгөө 51 хувь яах юм бэ. ИЗНН, МҮАН болон бусад нам дээрх 51 хувийн тодорхой хувийг эзэлж байгаа байх. Ингээд хуулийг бага, багаар үгүйсгэж байна. Нөгөө 51 хувь цөөнх болоод байна шүү дээ. Ийм шударга бус зүйл рүү шилжих гээд байгаа учир би эсэргүүцэж байна. Хүмүүсийн саналыг шууд авч байгаа гэх нэрийдлээр өөрсдийгөө дархалж, нийгмийн тал хувийн саналыг хогийн сав руу хаях гэж байгааг эсэргүүцэж байгаа юм. Дэлхийн олон орон мажоритор, пропорциональ системийг хослуулж байж хууль бус олон асуудлаа шийдэж чадсан. Харин манайхан бие, биенийгээ саналыг ингэж хулгайлж болохгүй. Үндсэн хуулийн цэц нь Монголын ардчилал, зөвшилцлийг устгах эв нэгдлийг бусниулах байгууллага болсон гэдгийг албан ёсоор хэлэх ёстой. Ер нь улс орныг том баг удирдана. Багийг сонгосноор нэгдмэл бодлогын ажлыг хэрэгжүүлэх боломжтой болно. ҮХЦ-ийн шийдвэрийг дэмжвэл Монголын хувь заяа үүрд ийм болно. Бид дахиад МАНАН-г арилгаж чадахгүй. МАНАН-ийн үед Оюутолгойн буруу шийдвэр гардаг Тавантолгой хэдхэн хүний гарт ордог. МАНАН-ийн хүмүүс нь олон жижиг тойрогт очоод мөнгөөр сонгогчдын саналыг хувааж авдаг. Зөв зүйл яриад нэмэргүй. МАНАН-ийнхан зориудаар ард иргэдийг ядуу байлгаад саналыг худалдаж авах гэж байна. Иргэд ядуу учраас зөв сонголт хийж чадахгүй байна. Одоо энэ шийдвэрээр хуучин нөхдүүд дахиад сонгогдоно. Надтай адилхан М.Энхболд, Д.Лүндээжанцан гэх мэт нөхөд тойргоос сонгогдоно. Би ганцаараа сонгогдмооргүй байна. Залуу хүмүүстэй хамт УИХ-д суумаар байна шүү дээ. Шинэ хүмүүсийг УИХ-д оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. Өгөхдөө парламентад нэг баг болж ажиллаж үзэл бодол нь үнэт зүйлтэй хүмүүсийг оруулмаар байна. Үзэл бодол нь тогтоогүй, үнэт зүйлгүй хүмүүс өнөөдөр УИХ-д орж ирж байна. Итгэл үнэмшилтэй биш мөнгөтэй хүн одоо сонгогдох гээд байна шүү дээ. Хуулийн талаас нь харсан ч ҮХЦ-ийн энэ дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. УИХ-аар баталсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт сонгууль болохоос зургаан сарын дотор хуулийг өөрчилж болохгүй гэж заасан байдаг. Бүр хориглоно гэсэн байдаг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг бүдүүлгээр зөрчиж байна. Тоглоомын дүрмээ бүгдэд нь ойлгомжтой болгох ёстой биз дээ. Гэтэл сонгуулийн хууль, дүрмийг хоёрхон сарын дотор өөрчилж байна. Ийм бүдүүлэг, хууран мэхлэх үйл ажиллагааг таслан зогсоох ёстой. Шүүмжлэх амархан. Харин ямар гарц байна вэ. Би хувьдаа ийм хувилбар байж болно гэж бодож байна. Нам бүр 76 хүний нэрийг дэвшүүлнэ. Жагсаалтаа гаргана. Сонгогчид санал өгөхдөө намын жагсаалтын аль нэгэн хүнийг дугуйлна. Намыг биш хүнийг дугуйлна. Мэдээж сонгогчид олон юм чинь ганцхан хүнд бүх санал ирэхгүй шүү дээ. Дор хаяж 20-30 хүний саналыг аль нэг намын гишүүн авна. Тэр саналыг бүгдийг нь гээгдүүлэхгүйн тулд тэр саналыг тухайн намын хүнд өгсөн санал гэж үзэх хэрэгтэй. Тэгээд аль намын хэн нь илүү санал авсан байна түүгээр нь эрэмбэлэх хэрэгтэй. Тэр нь тухайн намд нь өгсөн санал болж тооцогдох ёстой. Үзэл бодол, үнэт зүйл, хамт олон багт нь өгсөн санал гэж тооцох ёстой. УИХ-д ч олон хүний санал авсан эрэмбээрээ орж ирэх ёстой. Ингэх юм бол нэг ч хүний санал гээгдэхгүй. Ийм хувилбарыг бид гаръя. Гэхдээ АН, МАН хоёр хэлэлцэхгүй л дээ хараарай. Монгол улс нэг л тойрог байна. Улс төрчид Монголын бүх суманд сургууль, цэцэрлэг барихгүй шүү дээ. Харин нэг суманд нэр дэвшиж байгаа хүмүүс сургууль, цэцэрлэгээр хуураад байна.
М.Энхсайхан: Шаардлагатай бол сонгуульд оролцохгүй
МҮАН-ын дарга М.Энхсайхан:- Монгол Улс энэ Үндсэн хуулийнхаа хүрээнд мөнхөд пропорцианаль системээс татгалзаж байгаа мэт шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргаж байгаа нь буруу Сонгуулийн хууль хэлэлцэж байхад “Шударга ёс” эвсэл 76 гишүүний 50 хувь нь мажоритар 50 хувь нь пропорцианаль байх нь зөв гэсэн байр суурьтай байсан. Хэрвээ 48:28 байвал 48 нь 28-ыгаа голно. “Чи хаанаас гараад ирсэн юм, юу юм” гэсэн өнцгөөс харьцдаг. Энэ хандлага том намууд болон УИХ дотор байгаа. Хэрвээ тэнцүү байвал чи хаанаас гараад ирэв гэдэг маргаан байхгүй. Том намууд яагаад өнөөдөр пропорцианаль тогтолцооны эсрэг байв гэхээр хуучин улсуудаасаа салъя гэдэг залуучуудын хөдөлгөөн жагсаалтад орно гэдгээс эмээж байна. Энэ утгаараа үе солигдох хөдөлгөөн буруу хэлбэрээр гарч ирж байна. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгуулийн тогтолцооноос алслагдаж явах нь буруу. Сонгуулийн хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн байр сууринаас татгалзаж байгаа нь буруу. Учир нь сонгуульд орох гэж байгаа намууд, саналаа өгч байгаа сонгогчид нь ямар дүрмээр саналаа өгөх вэ гэдэг нь зургаан сарын өмнө тодорхой болсон байх ёстой гэсэн дэлхий нийтээр баримталдаг жишиг манайд алдагдаж байна. Хэрвээ сонгууль болохоос хоёр сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилвөл сонгочдыг төөрөгдүүлнэ, байгуулагдсан УИХ хүлээн зөвшөөрөгдөх чадамжгүй болно. Сонгуулийн дараа байгуулагдах УИХ, Засгийн газар хүлээн зөвшөөрөгдөх чанар байхгүй бол эмх замбараагүй байдал бий болох аюул учирч болзошгүй. Гуравдагч хүчин, жижиг намууд, эрдэмтэн мэргэд, эмэгтэйчүүд улс төрд орох боломжийг хаасан тогтолцоо руу шилжиж орж байгаа нь харамсалтай. Бид нэгдэж идэвхитэй сөрж зогсох ёстой. Хэрвээ бүр болохгүй бол сонгуульд оролцохгүй байхыг үгүйсгэхгүй.
Ц.Ганхуяг: - МАНАН-гийн хуйвалдааныг зогсоох бололцоо байгаа
ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:- Жижиг намууд хүчээ нэгтгэх ёстой. Хуулийн бололцоо шавхагдаагүй байна. МАНАН-гийн хуйвалдааныг зогсоох бололцоо байгаа. Бүхий л бололцоог ашиглаж МАНАН-гийнханд шахалт үзүүлэх ёстой. Ялангуяа “Шударга ёс” эвсэл завсарлага авах онцгой эрхтэй. Тэр бүх бололцоогоо ашиглаасай гэж хүсмээр байна. Сонгуулийн хууль хэлэлцэхээс өмнө Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргах чадамжтай юу, үгүй юу гэдгийг ярих хэрэгтэй. Цаг хугацааны хувьд ч зургадугаар сарын 29-нд сонгууль болж амжих уу гэдэг асуудал үүснэ.
Т.Хулан
Сэтгэгдэл (10)