“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 хувьцаатай холбоотой иргэдийн бөөгнөрөл өдгөө ч хэвээр, өргөжин тэлсээр байна. Холбогдох албаны хүмүүс хувьцаа худалдан авч байгаа гэдэг нь худал бөгөөд хувьцаагаа зарсан, түүнийг худалдан авсан тохиолдол өнөөдрийг хүртэл бүртгэгдээгүй гэдгийг хэдэнтээ мэдэгдсэн. Гэвч иргэд бөөгнөрч, хувьцаагаа худалдахыг хүссээр л... хүлээсээр л...
Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэх үг бий. Үнэхээр 1072 хувьцааг худалдаж аваад, иргэд худалдаад байна уу гэдгийг сонирхохоор иргэдийн бөөгнөрөл ихээр үүсээд буй “Урт цагаан”-ыг зорилоо.
Тус газар ойртох тусам хэд, хэдээрээ цугласан хүмүүс олонтоо харагдах аж. Тэдний нэг хэсэг нь өөр хоорондоо ярилцан зогсох бол нөгөө хэсэг нь хөзөр тоглож, зарим нь бүр халуун савтай цай, сандалтайгаа ирчихсэн хэдийнэ тухалжээ. Хувьцаагаа зарахаар цугларсан иргэд ч цаг хугацааны шалгуураар танилууд болсон бололтой.
“...-оо наагуур чинь чимээтэй юу, бид энэ хавийг алдахгүй ээ наад булангаа л сайн манаарай” гэхчлэн хэн нэгнийг ирэхийг хүлээж, бусдаас түрүүлэхийг хүсэмжилж байгаа нь нүднээ илт. Харин тэнд цугларсан иргэдийн дунд согтуу хүмүүс ч нэлээд харагдаж байсан бөгөөд архи тойруулах нэгэн ч харагдана лээ.
Иргэдийн бөөгнөрөлийг дагаад тэнд бяцхан бизнес ч цэцэглэжээ. “Хуушуур, бууз, халуун цай ирсэн шүү аваарай” гэх эмэгтэйчүүд байх бол чихэр, печень зарах хүмүүс ч байлаа.
“Монгол-Тайван”-ы төвийн урд очвол нас тогтсон дөрвөн эмэгтэй сууж байв. Тэднээс үнэхээр 1072 хувьцааг худалдан авч байгаа юм уу, та бүхэн авч байхыг нь харсан уу гэгчлэнгээр зарим нэгэн зүйлийг тодруулахыг хүссэн боловч “Та нарт ямар хамаатай юм. Элдэв юм бичиж, мэдээлж байж хувьцаа авч байгаа хүмүүсийг үргээгээд явуулчихна. Бид авч байгаа болоод л энд сууж байна. Түүнээс худлаа бол юу гэж ингээд суух юм” хэмээн ярилцлага өгөхөөс татгалзав.
Ямартай ч авч байгаа гэдгийг иргэд хэлж байгаа болохоор цааш явж, дахин хэсэг хүмүүс дээр очлоо. Тэднээс мөн л дээрх асуултаа асуувал нэгэн эмэгтэй “Зураг, хөргөө авахуулахгүй шүү. Харин мэдэх зүйл байвал хэлж өгье” гэснээр бидний яриа эхэллээ.
Хувьцаагаа зарахаар зогсож буй иргэн Н:
-Та энд хэд хоног зогсож байна вэ?
-Би түрүүчийн 7 хоногоос л зогсож байна. Хүмүүс хувьцаагаа 800-1.5 сая төгрөгөөр зарж байна гэдгийг сонсоод ирсэн.
-Энэ олон хоног зогсож байхад зарах боломж байсангүй юу. Үнэхээр 1072 хувьцааг авч байгааг нь харав уу?
-Цагдаа нар хориглоод байгаа болохоор авч байгаа хүмүүс нь нууцаар ирж авдаг юм билээ. Авч байгаа нь цөөхөн зарах гэж байгаа нь олон болохоор зарж чадахгүй л байна. Харин хувьцаа авахаар машинтай хүмүүс ирдэгийг нь нүдээрээ харсан. Би хоёр хоногийн өмнө машинд суух гээд чадалгүй хоцорсон.
-Яагаад хоцорчихсон юм бэ. Ер нь ямар машинтай хүмүүс өдөрт хэдэн удаа ирдэг юм бол?
-Янз бүрийн л машинтай ирдэг юм гэсэн. Миний суух гэж байсан машин бол хар өнгөтэй жийп байсан. Өдөрт хэдэн удаа ирнэ гэсэн тоо байхгүй. Цагдаа нараас айгаад нууцаар хэзээ л бол хэзээ ирдэг юм шиг байна лээ.
-Албаны хүмүүс энэ бол худал. Авсан, зарсан хүн бүртгэгдээгүй гээд байгаа. Тэгэхээр тэр машинтай хүмүүс үнэхээр хувьцаа авч байгааг мэдэх боломж бий гэж үү?
-Бид нар шиг л хувьцаагаа зарах гэж байсан хүмүүс сууж яваад эргэж ирэхгүй байгаа болохоор зарсан л гэсэн үг биз дээ. Тиймгүй бол буцаад л ирнэ ш дээ.
-Тэгвэл 800-1.5 сая төгрөгөөр зарж байгааг нь яаж мэдэж байгаа юм бэ?
-Энд байгаа хүмүүсийн найз нөхөд, цуг зогсож байсан хүмүүс нь ийм үнээр зарсан байсан. Надад ч худал хэлэхээргүй хүн хэлсэн. Гэхдээ янз бүрийн үнэхээр аваад байгаа юм билээ. Тэр ч байтугай хувьцааг зуучилж зардаг хүмүүс бий болчихсон байна лээ.
-Нууц биш бол таны хувьцааг үзэж болох уу. Та хэдэн хувьцаа зарахаар зогсож байгаа юм бэ?
-Болноо /хувьцаагаа үзүүлэв/. Эгч нь 8 хувьцаа зарна. Бага хүүхдүүдийнхээ хувьцааг зарахгүй гэж үзсэн. Харин томчуудынхыг нь зарах бодолтой байна. Өмнөх хувьцаа шиг авдарны ёроолд хэвтэх цаас болох вий гэж бодсон.
-Та хувьцаагаа хэдэн төгрөгөөр хаанаас авсан бэ?
-5000 төгрөгөөр авсан. Хаанаас гэдгийг нь хэлмээргүй байна.
-Хувьцаагаа зарж буй хүмүүсийг олон нийт “Эх орныхоо баялаг, газар шороог гадныханд зарж байна” хэмээн шүүмжилж байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Эх орноо зарж, мөнгөтэй болдогийг улс төрчид л бидэнд зааж өгсөн шүү дээ. 1072 хувьцаа битгий хэл эх орноо худалдчихсан улс шүү дээ улс төрчид. Тэгээд биднийг болохоор зарлаа гээд шүүмжлээд, бас хориглоод байгаа нь хачирхалтай юм. Ийнхүү бидний ярилцаж байхыг харсан хувьцаагаа зарах гэж байсан иргэд “Юугаа яриад байгаа юм. Ингээд байхаар хувьцаагаа зарж чадахгүй цагдаа нар ирээд хамаг хүн үргээчихнэ болиочээ” хэмээн бухимдаж, ноёрхолоо тогтоосон “Урт цагаан”-аас хөөж орхисон юм.
Харин машинд сууж хөдлөх гэтэл хэсэг хүмүүс гүйлдэн ирж, суугаарай суугаарай хэмээн шуугилдаж машинд суухаар дайрав. Айж, гайхах зэрэгцэн юу болж байгааг тодруулбал “Хувьцаа авч байгаа хүмүүс биз дээ сууя л даа” гэцгээх нь үнэхээр аймшигтай байсныг нуух юун. Ер нь Урт цагаан орчмоор үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэд ч хувьцаа авахаар бөөгнөрсөн иргэдээс айж, эмээх болсон гэдгийг хэлэх хүн олон байсан юм.
Ямартай ч “Урт цагаан” орчмын нөхцөл байдал ийм байна. Харин энэ талаар албаныхан юу гэж ярьсаныг хүргэе.
Идэвхжээгүй, зах зээл дээр арилжаалагдаж эхлээгүй хувьцааг хэн гэгч зарж, борлуулах яриа үүсгэснийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тухайлбал, эл хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны "Стандарт Инвестмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг шалгаж эхэлсэн. Тэд "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн хувьцаагаа баталгаажуулах хүсэлтэй иргэдийг бүртгэх ажлаа идэвхжүүлэх үүднээс хувьцаа худалдаж авна гэх худал мэдээллийг тарааснаа хүлээн зөвшөөрчээ.
“Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Энэ тогтоолын дагуу тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртгэж, баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, хувьцааг арилжаалах, хэн нэгэнд бэлэглэх, шилжүүлэх боломж одоохондоо байхгүйг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдээд байгаа юм.
1072 хувьцаатай холбоотой үйл явдлын талаар Цагдаагийн ерөнхий газар болон Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хорооноос албан ёсны мэдээлэл хийсэн.
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга, Т.Жамбаажамц “Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн 1072 хувьцааг арилжиж байна, худалдан авч байна гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 5, 6-наас эхлэн олон нийтийг хамарсан шинжтэй болоод, хүмүүсийг тодорхой нэр бүхий газарт маш олноор нь цуглуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энэхүү хувьцаа анх эзэмшүүлсэн хүнээс хүн рүү шилжихгүй байх нөхцөл нь хэвээр хадгалагдаж байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар өөр этгээдэд худалдаж, шилжүүлж авсан ч өмчлөх эрх үүсэхгүй гэсэн үг. Худалдаж авсан этгээдэд энэ хувьцаа эмзэмших эрхгүй.
Яг хэдийнээс энэ хувьцаа арилжаалагдаж, эзэмшигч нь хэдийнээс зарж үрж болдог болох вэ гэдэг асуудал одоогоор тодорхойгүй байна. Засгийн газар, Эрдэнэс тавантолгой зэрэг эрх бүхий, шийдвэр гаргах түвшний байгууллагуудын шийдэх хэрэг. Тиймээс хувьцаа зарж, худалдан авч байгаа гэх мэдээллүүд худлаа, хуурамч, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл гэдгийг дахин хэлье. Энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэсэн гэж хэлж болохоор зарим нэг брокерийн компаниудад, мэргэжилтнүүдэд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс захиргааны арга хэмжээ аваад, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан. Бас нэг зүйлийг хэлэхэд иргэдээс 5000 төгрөг хурааж байгаа асуудлыг зөвөөр ойлгох хэрэгтэй. Иргэд хувьцаа эзэмших данс нээлгэж байгаа мөнгө юм шүү. Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдрийн байдлаар арилжаалагдахгүй хувьцаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Эрдэнэс тавантолгой ХХК-ны хувьцаа эзэмшигчдын ээлжит хурал хуралдсан. 83 хувийг нь төр эзэмшиж байгаа бол үлдсэн 17 хувийг нь 2 сая 500 мянган иргэн эзэмшиж байгаа, 0,6 орчим хувийг 500 гаруй аж ахуй нэгж, компаниуд эзэмшиж байгаа” гэлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагаас хувьцаа худалдаж байна, худалдан авч байна гэдэг асуудалд холбогдох шалгалт явуулж байна. Шалгалтын дүнд хувьцаагаа зарсан, ямарваа нэг хүн худалдан авсан асуудал одоо хүртэл тогтоогдоогүй. Энэ бол худал ташаа, иргэдийн ам дамжсан яриа. Цагдаагийн байгууллагаас энэхүү шалгалтыг үргэлжлүүлээд энэ худал мэдээллийг санаатайгаар тарааж, зохион байгуулж, иргэдийг бөөгнүүлж, ямар нэг санаа зорилго агуулж байгаа хүмүүсийг олж илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага ноогдуулна.
Тодорхой үр дүн гарсны дараа эргэн мэдээллэх болно. Энэ асуудалтай холбоотойгоор иргэдээс маш их гомдол санал ирж байгаа. Амгалан тайван байдал алдагдуулах, тухайн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэлтэйгээ зорчиж байсан иргэний өмч хөрөнгөд халдсан тохиолдол хүртэл цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Энэ мэтчилэн нийгмийн дэг журам зөрчигдөх асуудал ихсэх хандлагатай байна. Энэ хувьцаа иргэдийн гар дээрээс худалдагдах, худалдан авах боломжгүй хувьцаа гэдгийг та бүхэн сайн ойлгож мэдэж авлаа. Тэгэхээр хувьцааг худалдаж авч байна гэх мэтээр худал мэдээлэл тарааж байгаа иргэдийн талаар цагдаагийн 102 утсанд мэдээлэл авна" гэв.
24tsag.mn Б.Энхжин
Сэтгэгдэл (11)