МАН-ынхан уг нь ам чангатай улс. Нам дотроо болсон элдэв эрээнтэй бараантай асуудлыг гадагш задруулдаггүй. Хувь болоод хувьсгалын асуудал дээр “бөөндөө” байж чаддаг нь тэдний гол үзүүлэлт. Энэ утгаараа нэг зүйл дээр нэгдмэл байр суурьтай байж чаддаг нам. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Эрдэнэтийн 49 хувийн асуудал дээр тус намынхан “онцлог”-оо харуулсаар хувьд шилжээд байсан 49 хувийг төрийнх болгоод амжсан билээ.
Гэтэл сүүлийн үед зүү орох ч завсаргүй байдаг МАН-ынхан зүс ижил нэгнийгээ матаж, зүгээр ч үгүй хол ойрын хүмүүсээр нь оролдох болжээ. Байгаль орчин Аялал зуучлалын сайд Д.Оюунхоролын папарацци зураг олонд дэлгэгдэж, нэлээд шуугиан тарьсан. Ордын өрөөндөө гитар тоглож буй зургаа тэрбээр охиныхоо өрөөнд гэж худал мэдээлсэн нь гал дээр тос нэмж ёстой л цахим хэрэглэгчдийн амны бай болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.
Мэдээж хэргийн эзэн нь хэнгэргийн дохиур нь түүний ойрын, сайн таньдаг хүн байсан нь ойлгомжтой. Д.Оюунхорол шиг туршлагатай улс төрч танихгүй, мэдэхгүй хүний дэргэд намба алдана гэж үгүй. Тиймдээ ч мэдээлэл хийх үеэрээ “Тэр зургийг тараасан хүнийг би мэднэ. Ер нь хүн чанарын хэлтэрхий гэж байна уу даа гэж бодоход хүргэж байна” хэмээсэн удаатай. Ийнхүү зургийн дуулиан нь намжиж амжаагүй байхад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Байгаль орчин Аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролыг ажлаа сайн хийхгүй бол огцруулна гэж мэдэгдсэн нь бас шуугиан болов.
Харин энэ удаа төсвийн мөнгийг үр ашиггүйгээр үрвэл сандал ширээтэй нь ярихыг анхааруулсан нь түүнийг сайн дураараа суудлаа тавьж өгөх нь гэх харыг ч төрүүлээд амжсан юм.
Үнэндээ агаарын бохирдол, цэвэрлэх байгууламж бол нийслэлийхнийг өвөл, зуны улиралд туйлдуулж байдаг сэдэв. Өвөл нь утаа уушиг сэтлэж, зун нь өмхий нь хамар сэнгэнүүлдэг асуудлыг холбогдох яам, төрийн байгууллагууд нь шийднэ хэмээн сүүлийн 10 гаруй жил ярьж шоудсан. Харин энэ удаа төсвийн мөнгийг үр ашиггүйгээр үрвэл сандал ширээтэй нь ярихыг анхааруулсан нь түүнийг сайн дураараа суудлаа тавьж өгөх нь гэх харыг ч төрүүлээд амжсан юм.
Гэтэл үүний дараах нь санамсаргүй давхацсан уу, далд санаа агуулсан уу Ж.Энхбаяр гишүүн Д.Оюунхорол сайдын ойрын хүний талаар дуулиантай мэдэгдэл хийж, их хэмжээний авлига авсныг илчлээдхэв. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба тэргүүтэй хэд хэдэн албан тушаалтан авлига авч байгаад АТГ-т баригдсаныг мэдээлэхдээ газар дээрээ баригдсаныг онцлов. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол бас л матаас байх өндөр магадлалтай. Далд хэлбэрээр цэцгэлж байдаг авлигын хэргийг хэр баргийн хүн илрүүлчихдэггүй. Тэр дундаа газар дээр нь барьдаггүй билээ.
Зарим хэвлэлд гарч байгаа мэдээллээр Д.Даваасамба нь БОАЖЯ-ны сайд Д.Оюунхоролын хамгийн ойрын хүн гэх. Учир нь Д.Даваасамба Д.Оюунхорол сайдын сонгуулийн ажилд ерөнхий менежерээр ажиллаж байжээ. Мөн үе үеийн Байгаль орчны сайдууд томилогдож ирээд хамгийн түрүүнд итгэл хүлээлгэсэн, баруун гар болсон хүнээ Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргаар томилдог байна. Энэ нь дээрх албан тушаалд томилогдсон дарга самар, жимс, амьтан агнах, мод бэлтгэх, хилээр байгалийн баялаг гаргах, нэн ховор амьтан хилээр нэвтрүүлэх, агнах гээд БОАЖЯ-ны өгч болох бүх зөвшөөрлийг өгдөг аж.
Энэ мэтчилэн сүүлийн үед Д.Оюунхорол сайд руу чиглэсэн дайралтууд ар араасаа хөврөх болов. Уг нь Д.Оюунхорол МАН-ынхан дундаа нэлээд нэр хүндтэй. Шилдэг улс төрчүүдийн нэг. Гэвч тэрбээр нам дотроо дайсантай болсон бололтой. Мөн цахимын зарим нэг “тагнуул”-уудын мэдээлж байгаагаар МАН-ынхан гурван улс төрчөө “намнах” гэнэ. Тэгэхээр МАН-ынхны матаас үүгээр дуусах болоогүй нь бололтой.
24tsag.mn
Сэтгэгдэл (28)