Улаанбаатар
Өнөөдөр / 2017.12.16
-16
Өдөртөө
-22
Шөнөдөө

“Дүрэмгүй” АН дүр эсгэсэн Ардчиллын нүүр царай болж байна

2017 оны 3 сарын 16

 

Ардчилсан намынхан тэр дундаа 90-ээд онд алтан хараацай болон “ниссэн” нөхдүүд дүр “Дүр эсгэсэн Ардчилал дарангуйллаас ч илүү хортой” гэх ганцхан өгүүлбэрийг толгойдоо тултал суулгах учиртай. Өглөө сэрэхдээ, орой унтахынхаа өмнө санаж, өдөр тутмынхаа ажил мөрдлөгө болгож байж Ардчилал гэдэг зүйл оршин тогтноно. Гэвч өөрийн толгой дээрхи бухалыг харахгүй байж өрөөлийн толгой дээрхи сүрлийг гайхагчид өнөөгийн нийгэмд бишгүй бий. Ардчилсан намынханч өнгөрсөн хугацаанд “Ардчиллыг МАН, МАХН устгаж байна” гэж хашгирах мөртлөө өөрсдөө түүнийгээ давхар булшилж байгаагаа үл ухамсарласаар ирсэн.  Хажуугийн  улсууд нь хүртэл “Дүр эсгэсэн Ардчилал” хэмээн дүгнээд байхад л цээжээ дэлдэх тэдний баг одоо л хууларч, үнэн төрх нь илчлэгдэж байх шиг.

 

Ардчилсан намыхан дотоод сонгуулиа зохион байгуулах гэж шинэчлэлээсээ ухарч буйг намын гишүүд нь хэлсээр байна. Ялангуяа нэр дэвшиж буй гишүүдээсээ дэнчин, хураамж хэмээх нэрийдлээр мөнгө татаж байгаа нь цаанаа олон асуудал үүсгэнэ гэдгийг ахмад гишүүд нь ч сануулсаар. Гэтэл өнөөгийн АН-ын удирдлагууд үүнийгээ намын шинэчлэлийн гол зарчим хэмээн тайлбарлаж байх юм. Улс төрийн намуудын хувьд бие даасан санхүүтэй байна гэдэг том асуудал л даа. Хөрөнгийн хувьд хэр бие даасан байна, төдий хэмжээгээр авлигалаас ангид байна гэдэг.  Гэвч хэт өндөр дэнчин хураамж нь цаашлаад авлига болох өндөр эрсдэлтэй гэдгийг захын иргэн хэлж байх юм. Угаасаа ч намдаа хандивласан мөнгөө албан тушаалд суувуу үгүй завшиж эхэлдэг нь энгийн үзэгдэл болчихоод байна шүү дээ.

 

 

Толгойноосоо эхлээд хөлөө хүртэл шинэчлэгдэе гэж байгаа бол эхнээсээ хуулиа мөрдөх нь зөв. Ардчилал бол хуулиа дээдэлдэг нийгэм. Гэтэл Дээд шүүх Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзсээр байтал дотоод сонгууль явагддагаараа явагдана хэмээн мэдэгдсэн нь гишүүдийн дунд төөрөгдөл үүсгэж, талцахад хүргэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр Ардчилсан намд хуучин дүрэм үйлчилж байна уу, эсвэл Дээд шүүх бүртгэгдээгүй дүрэм үйлчилж байна уу гэх тодорхойгүй нөхцөл байдлыг өнөөгийн удирдлагууд нь үүсгэчихээд байна.

 

Улс төрийн намын тухай хуульд Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийн дагуу улс төрийн нам үйл ажиллагаа явуулахыг заасан. Ингэхдээ “5.1.3-т Гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр дэвших, сонгогдоход ... хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлахгүйгээр адил тэгш боломж олгох, 13.3-т Намын Их Хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг намын Их Хурлаар сонгож байгуулна. Сонгуулийг нууц санал хураалтаар явуулна, 13.2.2.намын төлөөллийн төв болон хяналтын төв байгууллагын тайланг хэлэлцэх, тэдгээрийн бүрэлдэхүүнийг сонгох” гэсэн.

 

 

Гэтэл АН-ын өнөөгийн удирдлагууд зөвхөн  Дотоод сонгуулийн хорооныхоо гаргасан шийдвэрээр  өндөр хураамж, дэнчин тогтоож байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг бус уу. Ардчилсан намын хуучин дүрэмд Дотоод сонгуулийн хорооны хэрэгжүүлэх чиг үүрэг гэдэгт Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн дэнчин төлөх хугацааг л тогтоосон байдаг. Хэмжээг тогтоох заалт байдаггүй. Түүнчлэн дүрмээр дэнчин, хураамжийг зөвхөн Үндэсний зөвлөлдөх хороо тогтооно. Одоо тэгтэл Дотоод сонгуулийн хороо нь Үндэсний бодлогын хороонд өрсөлдөх гишүүдийн хураамж нь гурван сая, дэнчин нь гурван сая, нийт зургаан сая төгрөгийг төв намын дансанд төвлөрүүл гэдэг шийдвэр гаргачихсан нь хэний "зохиол" вэ?

 

“Дүрэмгүй” АН дүр эсгэсэн Ардчиллын нүүр царай болж эхэллээ. Хуучин дүрэм нэрээр хэний ч мэдэхгүй "хууль" үйлчилж байгаа тус намд тоглолт өрнөсөөр...

АН-ын шинэчлэл дан ганц намын бус Монголын улс төрийн шинэчлэл ёстой. Өнөөг хүртэл бугшсан идээ бээр бага ч болов цэвэрлэгдэх, 20 гаруй жилийн өмнө сонгосон ардчиллаа жинхэнэ утгаар нь мэдрэх их замлалын эхлэл болох учиртай.  Гэвч шинэчлэгдэх процессоо мөнгөөр шийдэж, гишүүдийнхээ сонгох, сонгогдох эрхэд албан тушаалаа хэтрүүлэн халдаж байгаа тэднээс найдвар хүлээгээд ч нэмэргүй нь. Үүнийг нь мэдэрсэн АН-ын ҮЗХ-ны гишүүд ҮЗХ-г яаралтай хуралдуулахыг шаардаж уг шаардлагаа албажуулж, гарын үсэг цуглуулж эхэлснийг ч эх сурвалжууд онцоллоо.

 

Тиймээ, “Дүрэмгүй” АН дүр эсгэсэн Ардчиллын нүүр царай болж эхэллээ. Хуучин дүрэм нэрээр хэний ч мэдэхгүй "хууль" үйлчилж байгаа тус намд тоглолт өрнөсөөр...

 

УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын Ардчиллын 25 жилийн ойн хурал дээр "Монголын нийгэм 20 жилийн турш хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн либераль ардчилал руу зогсолтгүй ойртож байсан хирнээ сүүлийн хэдхэн жилийн дотор үл анзаарагдах ухралтууд хийлээ. Ардчилал маань сонгуулийн ардчилал буюу дүр эсгэсэн хэлбэр лүү улам бүр ойртож байна. Бид олон нийтийг хангалттай сонсохгүй байна, зүгээр л сонсож байгаа мэт дүр эсгэн, ухаалаг царай гарган толгой дохихоос хэтрэхгүй байна.

 

Ардчилсан намын удирдлагад байсан хүмүүс намын гишүүдийг хагаралдуулан талцуулж, ардчиллын шийдвэр гаргалтын сонгодог механизм болох хурлыг өөрсдийн суудлыг хадгалан үлдэх хэрэгсэл болгосон юм. Тэд Ардчилсан намын дүрэм журам, бүтцийг өөрсдийн эрх мэдэлд хүргэх гишгүүр болгон тохируулсан юм. Тэд суудлаа хадгалан үлдэхийг хичээхдээ олонхиороо батласан намын дүрэм журмыг үл хайхран, мартаж, мартагнуулан дэвсэлсэн юм. Тэд намын хяналтын бүтцийг өөрсдийн гар хөлөөр дүүргэн, тэдний бусармаг шийдвэрээр суудлаа хадгалан үлдэхийг үхэн чармайсан юм" хэмээн мэдэгдэж байсныг эргэн санацгаая.

 

24tsag.mn

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан