Зөрчлийн хуулийн эсэргүүцсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйлдэлд дургүйлхэх иргэд цөөнгүй байна. Гүтгэхээ л болчих, худлаа зүйл бичихгүй байвал торгууль төлөхгүй, хардах эрх нэрийн дор сэтгүүлчид гүтгэх гэж байна, мөнгөний төлөө худалдагдсан сэтгүүлчид амиа аргацаах нүхээ олж ядаж байна хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн иргэд цахимаар дүүрэн. Үнэндээ өнөөгийн монголын сэтгүүлзүйд олон дутагдалтай байгаа. Мөнгөтэй төгрөгтэй холбогддог, захиалгаар хэвлэн нийтлэдэг, хэн нэгний талд ажиллдаг гээд л. Тиймдээ ч сэтгүүлзүйн салбарынхан хүн гүтгэж байгаа, нэр төрд халдаж байгаа болон бусад ёс зүйгүй үйлдлээ таслан зогсоохын тулд Ёс зүйн зөвлөл байгуулаад хоёр жилийн нүүр үзэж байна. Мөн хэрвээ гүтгэсэн нь тогтоогдвол хуулиар хариуцлага хүлээдэг зүйл заалт үйлчилсэн хэвээр буй.
Гэтэл өнөөгийн хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай хуульд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага хувь хүн, албан байгууллагыг гүтгэвэл сэтгүүлч 2, хэвлэл мэдээллийн байгууллага 20 сая төгрөгөөр торгох тухай заасан оруулж улмаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Оюундарь нар дээрх торгуулийн хэмжээг 10 болон 100 сая төгрөг болгон өсгөх горимын санал гаргасан нь ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа хэрэг. Уг нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас өргөн барихдаа “гүтгэх түүнд хүлээлгэх хариуцлага”- ын талаарх заалтыг огт хөндөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл, 2015 онд УИХ- аас баталсан Зөрчлийн тухай хуульд хүн гүтгэсэн хувь хүнийг хоёр саяар, тараасан байгууллагыг 20 сая төгрөгөөр торгох заалтыг хэвээр үлдээсэн юм. Хачирхалтай нь, Ж.Эрдэнэбатын Засгийн газраас Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг хөндөлгүйгээр УИХ-д өргөн барьсныг Ажлын хэсгийн төвшинд, бүр тодруулбал Ц.Гарамжав гишүүний саналаар өөрчилөөд байна. Энэ заалт нийгмийн сүлжээг хэрэглэгчдэд ч хамаатай. Өөрөөр хэлбэл facebook, twitter-ээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох юм.
Германы канцлер Ангела Меркель нэг удаа “Төрийг цэвэршүүлэхэд сошиал ертөнц асар том үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс сошиал ертөнцийн мэдээ мэдээллийг улам дэлгэрүүлэх, нийтэд ил болгоход төрөөс онцгойлон анхаарах болно. Сошиал ертөнцийг улс төрчид ад үзэж, элдвээр хаах боохыг санаархаж байна. Энэ оролдлогыг таслан зогсоож, төрөөс бүх талаар дэмжих болно. Сошиал ертөнцийн мэдээллийн хүчээр төрөө бид цэвэршүүлж байна” гэж хэлсэн удаатай. Гэтэл манай улсад эсрэгээрээ сошиал орчинг, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчидтэй нь давхар торгох хуулийн төсөл оруулж ирж байгаа нь хяналтдаа авах, хааж боох оролдлого биш гэж үү.
Гүтгэх, хардах хоёр ялгаатай зүйл. Хэрвээ үнэхээр гүтгэсэн нь тогтоогдвол хариуцлагаа хүлээх нь зөв. Харин хардах эрх сэтгүүлчдэд байдал зүйл. Ялангуяа улс төрийнхнийг тэр их эрх мэдлээ урвуулан ашиглах вий, нийтийн ашиг сонирхлыг хөндөх замаар хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх вий, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын эсрэг ноцтой шийдвэр гаргачих вий, тендер завшчих вий гэж хардах, хянах эрх энгийн иргэдэд ч бий. Гэтэл хардаж бичсэний төлөө бүх сэтгүүлчид их хэмжээний мөнгөн торгууль дээр унах нь ардчилсан нийгэм мөн үү. Ардчиллын тулгуур гурван зарчмын хамгийн чухал нь хүний эрх байдаг. Тэр дундаа, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь энэ нийгмийн үнэ цэнэ. Энэ утгаараа хэвлэл мэдээллийг хараат бус байх ёстой гэж улс төрчид их ярьдаг. Гэтэл хамгийн ихээр хараандаа байлгаж, өөрсдийнхөө үгээр хөдөлгөхийн санаархдагууд нь бас улс төрчид.
Ер нь сонгууль бүрийн өмнө ямар нэг хууль, дүрэм, журам гаргаж хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдийн амыг үдэх гэсэн, айлгах гэсэн үйлдлүүд гардаг нь хэвийн үзэгдэл шахуу л болж. Энэ удаад ч гэсэн удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаатай холбоотой өөрсдөдөө ашигтай хэвлэл мэдээлэлд халтай хуулийн заалт оруулж ирж бүр ухралт хийж Зөрчлийн хуулиар торгодог болох гэж байна. Сошиал орчинд нүүрээ нуусан, нэрээ нуусан, хуурамч хуудаснууд хүнийг гүтгэх, доромжлох, буруу зүйл уруу татах зэрэг зүйлүүд гардагийг бүгд мэднэ.
Гэтэл эзэн бие нь мэдэгдэхгүй хуурамч хуудас, хаягтайтай тэмцэхээсээ өмнө ил гаргаад үзэл болдоо илэрхийлж байгаа хүмүүс, төрд данстай, албан ёсоор хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийн хуулиар далайлгаж эрүүгийн хариуцлага, торгууль шийтгэл ногдуулж байгаа нь хөгжлөөсөө ухарч байгаагийн шинж гэлтэй.
24tsag.mn
Сэтгэгдэл (12)