Усны шувууд нуурандаа ирж, шинэ төлийн дуу малчны хотонд цангинасан хаврын улирал юутай сайхан гээч. Унтсан бүхэн сэрж, унасан бүхэн соёолж, шинэ амьдрал, шинэ ертөнцийн үүдийг энэ л улирал нээдэг болохоор хавар хайрын гэхээсээ илүү амьдралын улирал мэт. Амьдралын утга учир бол яах аргагүй гэр бүл, үр хүүхэд. Өнөөдөр гадаа +21 хэмийн дулаан байна. Амралтынхаа сүүлийн өдрийг гэр бүлээрээ агаарт гарч, сэтгэлээ баясгаарай. Сэтгэлийн эмнээс илүү энэ дэлхийн хүчтэй ид шид байх гэж үү. Сайхан өдрийн сайхан энергийг өнгөрсөн долоо хоногт гарсан эерэг мэдээллүүдийн тоймоор тэтгэж байна.
Юуны түрүүнд танд үзэгч, сонсогч, уншигчдын дунд өөрийн гэсэн фен болоод буй эгдүүтэй хөөрхөн Б.Бат-Энэнэлийн багш МУГЖ Б.Батсүхтэй хамтран дуулсан “Хаан заяатай орчлон” дууг хүргэж байна. Б.Бат-Энэнэлд ээжийгээ, эмээгээ, энэ дэлхийн бүх юмсыг илүү тодоор харах мэлмий хайрлаарай хүмүүс минь. Түүнд зориулсан хандивын тоглолт энэ сарын 20-ны 19 цагт МҮЭСТОрдонд болох юм.
Гүрж улсын Батути хотноо зохиогдсон дэлхийн бяцхан мисс тодруулах “Best princess of the world-2017” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний 5-7 насны ангилалд эх орноо төлөөлөн оролцсон Цацралтын Мичидмаа үеийнхээ охидтой гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдөж “Дэлхийн бяцхан мисс” буюу титмийн эзэн боллоо. “Best princess of the world-2017” гоо охин шалгаруулах тэмцээнд 48 бяцхан мисс оролцсон бөгөөд есөн номинацын дагуу өрсөлдсөн юм. Тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Ц.Мичидмаа, Ж.Сувд нар оролцсон юм. Дашрамд дурдахад Ц.Мичидмаа охин жүжиглэх авьяастай бөгөөд “Аз жаргал”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд” зэрэг УКС-д тоглосон авьяаслаг нэгэн юм.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумд 2017 оны 04 сарын 21-нд 3-р багийн нэг айлын хоёр гэр шатсан мэдээллийн мөрөөр Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдоржоос тодрууллаа.
Энэ сарын 21-нд буюу баасан гаригийн орой ажил тарсны дараа оройн 20:30 минутын үед Шинэжинст сумын төвд иргэн Базаррагчаагийн хашаанд гал гарчээ. Гал гарсан тухай мэдээллийг авсан даруйдаа Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдорж нарын хүмүүс тухайн айлд очиход хашаандаа гурван гэртэй, хоёр гэр шатсан, нэг гэрийг хажуу айлынх нь хашаа руу давуулж шидэлж зөөсөн байдалтай байв.
Гал гарсан 21-ний орой Шинэжинст сумын соёлын төвд төвөөс тоглолт иржээ. Гэрийн эзэгтэй хоёр хүүхдээ хөл муутай эмээтэй нь үлдээгээд явсан байна. Том хүү Э.Жадамба зургаан настай бол түүний дүү дөрвөн настай. Эмээ нь тэргэнцэртэй, бие дааж алхаж чаддаггүй. Ийм гурван хүн тэр орой ороо засч, ах дүү хоёр унтахаар хувцсаа тайлж байлаа.
Яг энэ үед гэнэт гал гарч хөл муутай эмээ нь сандарч гал унтраахаар байдаг чадлаа шавхан оролдож, энэ хооронд тоглолт үзэхээр явсан охин руугаа утасдаж амжжээ. Гэвч гал маш хурдтай дэгдэж, нэгэнт ассан галын өмнө хүчин мөхөсдсөн хөгшин ухаан алдсан байна. Харин зургаан настай Э.Жадамба хүү бага насандаа баймгүй эр зориг гаргаж, эхлээд дүүгээ галаас гаргаж чаджээ. Улмаар шатаж буй гэрээс ухаан алдсан эмээгээ чирж гаргахаар гал руу дахин оров. Эмээгээ чирч гаргахад хүнд, хүчрэхгүй нэлээд удсан боловч тэр чадсан байна.
Өөрөөсөө хэд дахин хүнд жинтэй хүнийг дүрэлзэж буй галаас гаргаж, хоёр хүний алтан амийг аварснаараа Э.Жадамба хүү өнөөдөр Шинэжинст сумын төдийгүй Баянхонгор аймгийн бахархал болоод байна.
Дөрвөн настай дүү, тэргэнцэртэй эмээгээ галаас гаргаад Э.Жадамбын санаа амарсангүй. Гэрээ бүтэн шатаачихгүй юмсан, ядаж зарим эд хогшилоо авч үлдэх хүсэлд автаж, дахин гал руу оржээ. Унтаж байсан хөнжил гудсаа гаргаад эргээд харахад гал аль хэдийнэ оволзоод эхлэв. Ингээд хүү урд, хойд хашааныхаа айлд очиж тусламж хүссэнээр хашаанд байсан гурван гэрийн нэгийг хажуу хашаа руу нь зөөж чаджээ. Гэвч бүрэн бүтэн тавилга, эд хогшил энэ зөөлтийн явцад үлдээгүй байна.
Тухайн орой Шинэжинст сумын хэсгийн төлөөлөгч аймгийн төв рүү ажилтай явсан, цагдаа нь амралтаа авсан байж таарчээ. Тиймээс тухайн гал дээр Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ирж ажиллажээ. Гал юунаас болж гарсныг тогтоох ажил үргэлжилж байна. Шатсан хоёр гэрээс үнс нурам л үлджээ.
Шинэжинст сумын удирдлагууд “Гобигоулд энд Энержи ХХК”-ийн Хотгорын нүүрсний уурхайтай үүссэн нөхцөл байдлыг ярилцсаны үндсэн дээр таван ханатай гэрийг тус компанийн хамт олон хүлээлгэж өгчээ. Шинэжинст сумын ЗДТГ-ын хамт олон хандивын аян өрнүүлж, сумын албан газруудад уриалга гаргаж ажилласны үр дүнд иж бүрэн орон гэртэй болсон байна. Сумын иргэд хуучин шинэ гэлтгүй өөрт байгаа тавилга, эд хогшлоосоо хүртэл илүүчилж өгчээ.
Айл гэрийн аз жаргалын нууц нь элбэг дэлбэг биш ч элэг бүтэн байхад оршдог. Тийм ч учраас Э.Жадамба хүүгийн байгуулсан гавьяа, гаргасан эр зоригийг үгээр илэрхийлэх аргагүй. Балчир биеэндээ багтамгүй аугаа эр зориг гаргасан энэ хүүг монголын төр, холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч, зохих ёсны хүндлэлийг үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Долоон настай Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах хагалгааг бямба гарагт хийлээ. Энэ удаагийн мэс засал нь ээжээс нь охинд элэг шилжүүлэн суулгах хагалгаа байсан бөгөөд 30 цаг үргэлжилсэн хагалгаа амжилттай боллоо.
Энэ удаагийн хагалгаанд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, БНСУ-ын Асан Анагаах ухааны төвийн хамтарсан 68 хүний бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн баг оролцож, амжилттай дуусгалаа.
Л.Бүжинлхам охин төрөөд шарлалт нь арилахгүй, бие нь шар, нүд нь ногоон туяатай байсаар гурван сартайд нь ЭХЭМҮТ-д үзүүлэхэд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй гэж оношлогдож, мэс засалд орохоор болсон юм. Гэвч элэгний хатуурал үүссэн учраас заримдаа цусаар хүндэрч, бөөлжиж улмаар 2015 оноос энэ нь ихэссэн байна. Ийн охин элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж, ээж нь донор болохоор УНТЭ-т хэвтэн эмчлүүлж байв.
Өртөг өндөртэй мэс засал буюу элэг, бөөр, ясны чөмөг суулгах мэс заслын зардлыг төрөөс хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан билээ. Энэ дагуу анхны элэг шилжүүлэн суулгах хагалгааг тавдугаар сарын 12-ны өдөр иргэн Ш.Мөнхжаргалд хийхээр боллоо.
Иргэн Ш.Мөнхжаргал 2016 онд элэгний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд орох болж, байр, машинаа зарж, таньдаг мэддэг бүхий л хүмүүсээсээ хандив тусламж гуйн хагалгааны мөнгөө цуглуулсан хэдий ч хагалгаандаа хүрэлцэхгүй өнөөдрийг хүрсэн байна. Тэрээр одоогоор айлын гэр түрээслэн амьдарч байгаа аж. Мөн түүний донорыг олох шинжилгээнд ураг төрлийн хүмүүс нь орсноос, зөвхөн нөхрийнх нь таарч нэг гэр бүлийн хоёр хамт хагалгаанд орох болсон байна. Ингээд гэрт ажил хийх хүнгүй санхүүгийн өндөр эрсдэлд орж явтал, элэг үнэгүй шилжүүлэх болсон баярт мэдээг дуулаад итгэж ядаж байснаа ярьсан юм.
Ш.Мөнхжаргал элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэгүй болгох шийдвэрийг гаргаж, иргэдийнхээ нуруун дээрх санхүүгийн хүнд ачааг үүрэлцэх шийдвэр гаргасан Засгийн газар болоод холбогдох яам, газрын удирдлагуудад талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ирсэн бөгөөд цаашид үүнийг төрөөс хариуцдаг болж буй. Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас үүдэн элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгдэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, элэгний хорт хавдар, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их гэсэн үг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн ба үүнээс 30 мянга орчим нь элэгний хатууралтай байх магадлалтай байна.
Эрүүл мэндийн байгууллагуудад түгээмэл тулгамддаг үзлэг, оношилгооны цаг олголтыг хөнгөвчлөн, ачааллыг бууруулж, тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор манай улс 2016 оноос “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлсэн. Уг нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн мэдээллийн сантай болгож, даатгалтай иргэн бүр харьяалал харгалзахгүй тусламж, үйлчилгээ авдаг болох том зорилт дэвшүүлсэн ч ажил хэрэг болголгүй удсаар өнгөрсөн жилтэй золгосон. БНХАУ-ын Засгийн газраас Монголд олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй эл төслийн хүрээнд эрүүл мэндийн 112 байгууллагад 23 төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж, 48 байгууллагад цахим үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Төсөл хэрэгжсэнээс хойш нийслэл, орон нутгийн хэд хэдэн эмнэлэгт шинэ, дэвшилт тоног төхөөрөмж нийлүүлсэн ч цахим үйлчилгээ нэвтрүүлсэн нь үгүй. Тэгвэл ЭХЭМҮТ-ийг цахим системд шилжүүлэх ажил энэ сарын 5-наас эхэлжээ. Өдгөө хүүхдийн болон эх барих, эмэгтэйчүүдийн амбулаторийн үзлэг, оношилгоо, лабораторийн төв цахим үйлчилгээ үзүүлэх боломжтой гэнэ. Энэ ажлыг хариуцаж буй “Метро нэтворкс” компанийнхан ЭХЭМҮТ-ийг энэ сард багтаан цахим системд бүрэн шилжүүлнэ гэв.
Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” USA open тэмцээн энэ сарын 17-28-нд Нью-Йорк хотноо боллоо.
Тус тэмцээнд дэлхийн 24 орны 70 гүйгч оролцсоноос Монгол Улсаас гурав дахь удаа 10 өдрийн төрөлд гурав, зургаан өдрийн төрөлд хоёр тамирчин гүйсэн юм. Тусгайлан бэлдэж хэмжсэн 1.6 км-ын зам дээр 10 өдрийн турш тамирчид байгаль цаг уурын 0-15 хэм хэлбэлзэлтэй хэдэн өдөр дараалсан бороотой нөхцөлд өдөр шөнөгүй гүйж, тэсвэр хатуужлаа сорив.
Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тамирчдын тойргийг тоолох шүүгчдийн баг, гүйгчид богино хугацаанд унтаж амрах, хэрэгцээт хүнс тэжээлээ нөхөн сэлбэх, эмнэлгийн түргэн тусламж, биеийн байдлаа тогтмол хянуулах бариа засал-эмчийн баг, 24 цагийн туршид хоол, хүнсээр тасралтгүй хангах баг, амраах, үйлчилгээний баг гээд гүйлтийг саадгүй явуулах бүхий л нөхцлийг хангажээ.
Тус тэмцээний 10 өдрийн төрөлд Монголын гүйгч Б.Буджаргал /эрэгтэй/ 739 мил буюу 1189.3 км, Украйны Наталъя Хлюшчук /эмэгтэй/ 578 мил буюу 930.8 км-р тус тус эхний байрт орлоо. Зургаан өдрийн төрөлд Финландын Ашприханал Алто /эрэгтэй/ 441 мил буюу 709.7 км, Шинэ Зеландын Сузан Маршал /эмэгтэй/ 408 мил буюу 656 км-ээр тус тус тэргүүн байрыг эзлэв.
Манай тамирчдаас Д. Баярсайхан /эмэгтэй 10 өдөр/ 685.6 км-ээр 8 дугаар байрт, Аванаяаха Цэндээ /эмэгтэй 10 өдөр/ 436.1 км, Ж.Одгийв /эрэгтэй 6 өдөр/ 455.4 км, Л. Сумъяа /эмэгтэй 6 өдөр/ 246.2 км тус тус гүйж бариандаа орлоо. Тэмцээний хамгийн ахмад буюу 73 настай ОХУ- ын эмэгтэй гүйгч Пратишрути 6 өдрийн турш 370.1 км гүйсэн байна.
Тэмцээнд хамгийн хол гүйсэн манай тамирчин Б.Буджаргалын туулсан 1189.3 км зай Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хот хүртэлх замын урттай тэнцэх юм. Энэ зайг тэрээр 10 өдрийн турш буюу 240 цагийн дотор туулж барианд орсноор өөрийн өмнөх амжилтыг энэ жил 218.9 км-ээр ахиулжээ. Тэргүүн байрын шагналын цомыг түүнд Монголоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч, Элчин сайд хатагтай А.Гуамарал гардуулсан байна.
Тус тэмцээнийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө 10 өдрийн гүйлт нь 22 дахь жилдээ, 6 өдрийн гүйлтийг 20 дахь жилдээ зохион байгуулжээ.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэд өөрсдийн хөрөнгөөр гүүр барьжээ
Өвөрхангай айгийн Бат-Өлзий сумын иргэд өөрсдийн санаачилгаар автомашин болоод мотоцикль гарах боломжтой модон гүүр барьжээ. Энэ хэсгээр өмнө нь тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байсан тул нутгийн иргэд нэгдэн, хандив цуглуулж ийнхүү зориулалтын модон гүүрийг барьж ашиглалтанд оруулсан байна.
Гүүр барихад сумын 56 иргэн хандив өргөсөн бөгөөд нийт 900 гаруй мянган төгрөг цуглаж, энэ мөнгөөрөө бат бөх гүүр барьж, тэмдэг тэмдэглэгээнүүдийг стандартын дагуу суулгасан аж.
24tsag.mn Холбоотой байя
Сэтгэгдэл (1)