УИХ-ын гишүүн С.Жавхлангийн ам, ажил хоёр сүүлийн үед нэлээд зөрүүтэй хөдөлдөг болсон бололтой. Он гарснаас хойш түүний хийсэн, хэлсэн ажлыг багцлан хүргэвэл басхүү хачирхайлтай мэдээлэл хөврөх аж.
2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр
УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ оны нэгдүгээр сарын 11-ний өдөр ТТЭНН-ын дарга Г.Уянгатай нэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг УИХ-д оруулах болсон тухайгаа дуулгав.Тодруулбал ТТЭНН-ын намын дарга Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийг гарган тавьж, УИХ-ын гишүүдэд хүргүүлээд байсан юм. Уг үндэслэлийг УИХ-ын гишүүн С.Жавхлан хүлээн зөвшөөрч, Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар ТТЭНН-ын намын дарга Г.Уянгатай хамтрахаар болсноо тухайн үед мэдэгдсэн.
Энэ талаар Г.Уянга "Би Жавхлан гишүүнийг бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг УИХ-д оруулах болсонд баярлаж байна. Энэ асуудлыг ажил хэрэг болгох гэж байгаад нь баяртай байна. Улстөрчийн хэлж байгаа үг бүр нь үйлдэл болох ёстой. Ийм хариуцлагатай үйлдлийг хийж байгаа С.Жавхлан гишүүндээ талархаж байна. Байнга дэмжиж, хамтран ажиллах болно" хэмээн талархлаа илэрхийлж байв.
Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан "Би хувьдаа энэ үндэслэлүүдийг зөв зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Их хуралд хандана" хэмээн мэдэгдэж байсан нь олны талархалыг хүлээж байлаа.
Тэгвэл эл өдрөөс хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрсөн ч С.Жавхлан гишүүн ТАГ. Харин түүний хамтрагч гэгдэж байсан Г.Уянга төв талбай дээр суулт хийж, жагсаал цуглаан зохион байгуулсан ч тусыг эс олсон. Тэрбээр тухайн үед “Би С.Жавхлан гишүүнийгээ маш их хүлээж байгаа. Гишүүнд бүрэн эрх нь байгаа учраас энэ асуудлыг УИХ-д оруулах л юм бол асуудал маш хурдан шийдэгдэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хугацаандаа суудлаасаа буух, түүнийг огцруулах хоёр маш их ялгаатай учраас С.Жавхлан гишүүн хэлсэндээ хүрч, энэ асуудлыг гаргаж тавина гэдэгт итгэсээр байгаа” хэмээж байсан юм. Гэсэн ч С.Жавхлан гишүүн хамтрагчийнхаа урмыг хугалж, нэгдүгээр сард хийсэн мэдэгдлээсээ ухарч буй бололтой.
2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах хугацаа ойртсоор байгаа энэ үед С.Жавхлан гишүүн ажил хаяалт зарлаад буйгаа мэдэгдэв. Энэ нь Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг УИХ-д оруулна гэж байсан түүний мэдэгдэл салхинд хийж буйг илтгэх шиг болов.
2017 оны дөрөвдүгээр сард оффшор данстай холбоотой хэд хэдэн шаардлагуудыг тэрбээр УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Шаардлагын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор ирүүлэх, ирүүлэхгүй бол Байнгын хороодын хурал болон УИХ-ын чуулганы хуралдааныг орхиж буйгаа мэдэгдсэн байна. Гэтэл шаардлагын хариу одоо болтол ирээгүй байгаа тул С.Жавхлан гишүүн ажил хаялт зарласан гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.
Тэрбээр энэ тухайгаа “Монголд сайн сайхан цаг ирээсэй, үнэн зөв амьдрал бий болгох юмсан гэсэн зорилгоор би УИХ-д орж ирсэн. Би энд байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Худлаа зүйлийг өдөр болгон хэлэлцэж, түмэн олныхоо талд шийдвэр гаргадаггүй төр байх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Миний хувьд тэмцэл зарлаж, ажил хаялт хийж, шаардлага өгчихөөд байгаа. Гэтэл хурал тасаллаа гэж байна. Энэ хүмүүс чинь өөрсдөө хурал хаядаг биз дээ. Жавхлан тэмцээд хурлыг хаяхаар тасаллаа болгоод сурталчилдаг” хэмээлээ.
2017 оны 4 сарын 13-ны өдөр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан бухимдлаа илэрхийлж, "МАН-ынхан амтлалтаа биелүүлэхгүй байж Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ гэвэл санасны чинь гарз шүү" хэмээгээд татвар нэмбэл жагсаал зохион байгуулах болно гэдгээ мэдэгдэв.
Тэрбээр “Намын бүлгүүдийн хуралдаан, та бүхний хууль баталж байгааг хараад гуниг төрж сууна. Та нар ОУВС-д орох гэж улайран зүтгэж, Монгол Улсын засаглалын тусгаар тогтнолыг шилжүүлчихлээ. Намын бүлгүүдийн хурлыг сонсож байхад бие биенийгээ чи ч идсэн, ингэсэн тэгсэн л гээд байх юм. Олон жил өнгө нь солигдож, АН, МАН хоёр иргэдийг хуурлаа шүү дээ. Одоо долоон татварыг нэмэх тухай ярьж байна. Танай намууд хоёулаа болиоч ээ. Одоо болсон. Амлалт дээр чинь байна. Ахмад настны тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй гэж. Сонгуульд нэр дэвшиж байхдаа мэнчийж улайрч, мэнэрч зүтгэсээр 65-уулаа орж ирсэн биз дээ. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар оруулж ирэхгүй гэж цагаан дээр хараар бичсэн амлалт чинь энэ байна. Амлалтдаа хүрэхгүй байж Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлнэ гэвэл санасны чинь гарз шүү. Намайг энд ямар ч нэмэргүй хүн гэж бодоод байх шиг байна. Надад энд эрх мэдэл, үүрэг алга л даа. Энд 75 хүний эсрэг С.Жавхлан ганцаараа байгаа. Харин гадаа гараад монголчуудтайгаа нэгдэхээр ганцаараа байна уу, үгүй юу хараарай. Татвар нэмэх асуудлыг эсэргүүцэж, жагсаал хийнэ. Цаашлаад УИХ-ыг тараах хэмжээний жагсаал хийнэ. Та нарын татвар нэмэх асуудал зөв юм уу, буруу юм уу гэдгийг түмэн олноос асууна. Маргаашнаас би жагсана. Хэрэв миний буруу байвал би бууж өгнө” гэв.
2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр
УИХ-ын гишүүн С.Жавхлан чуулганы хуралдаан дээр хэлсэн ёсоороо "Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөн"-тэй хамтран Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулав.
Тэрбээр энэ үеэр “АН, МАН, МАХН гурван нам бүлэглэлийн гишүүн нь их хурлын гишүүн байхаас үл хамаараад аль нэг гишүүн нь оффшор данстай бол тэр намаас нэг ч хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлмээргүй байна. Хэрвээ нэр дэвшүүлэх бол сонгуулиас өмнө оффшор бүсэд байгаа мөнгөө олж ирэхийг шаардаж байна. Та нар хэн нэгэн найзыгаа хулгай хийсэн намын гишүүн, журмын нөхрийнхөө мөнгийг олоод ир. Тэр үед монголчууд бид алгаа ташъя. Одоо бүгдээрээ татвараа өгөхгүй түр хүлээж бай. Зөв хүний гарт төрөө өгсөн цагт татвараа өгье. Буруу сэтгэлтэнтэй тэмцэх бидний энэ тэмцэл энэ байна” хэмээн индэр дээрээс хашгирч, олон хүний сэтгэлийг “хөгөлсөн”.
Гэсэн ч түүний энэхүү хашгираан мөн л газар авалгүй тухайн өдрөө цуурай болон хувирсан. Түүний нотолгоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорсон байдлаар гэрчлэгдэнэ. Энэ бүхэн нь С.Жавхлан гишүүн олны талархалыг хүлээсэн ажлыг эхлүүлэх гэж байгаагаа мэдэгдэж, индэр дээрээс сайхан үг “донгоддог” ч түүний хэлсэн үг ажил хэрэг болох нь тун бага байгааг илтгэх шиг.
Нэг хэсэг түүний энэ бүх үйлдэлд итгэсэн хүмүүс С.Жавхлан гишүүнд алга ташилт бэлэглэдэг байсан бол өдгөө харин шүүмжлэлийн хатуу үг чулуудах болжээ. Харин гишүүний ийнхүү хийх, хэлэх нь зөрж буйгийн шалтгаан нь үнэхээр парламентад ганцаарсаных уу, эсвэл... гэсэн асуулт ургаж байна. Ямартай ч энэ бүхнийг С.Жавхлан гишүүн болоод түүнтэй адил хэлэх, хийх хоёр нь алд дэлэмээр зөрдөг гишүүд анхааралдаа авч, ард түмэн сонголтондоо ч гэсэн дүн тавьдаг гэдгийг анхаарна буй за.
Б.Энхжин
Сэтгэгдэл (29)