Энэ сарын нэгнээс 11 хууль хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ зэрэг хуулиуд хэрэгжиж эхлээд буй. Тэгвэл Эрүүгийн хуульд нэмэлтээр орж байгаа онцлох заалтуудыг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
Баримт 2. Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсвэл гадна талаас орон байрны доторх гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу дүрсний бичлэг хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Баримт 3. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг шинээр хуульчилсан. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тооцно. Үйлсэн гэмт хэрэг тус бүрд хөөн хэлэлцэх хугацааг шинээр тооцно.
Баримт 4. Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.
Баримт 5. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, эсхүл хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийг илрүүлэхэд бодитой тусалсан хамтран ажиллах гэрчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.
Баримт 6. Гадаад улсын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуульд заасан хуулийн этгээдийн нэгэн адил эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Баримт 7. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 8. Хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах: Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 9. Энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бүлэглэж, их хэмжээний даатгалын нөхөн төлбөр авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 10. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөх саналыг хүлээн зөвшөөрсөн бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 11. Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.
Баримт 12. Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ.
Баримт 13. Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 14. Хүнийг хүчээр алга болгох: Хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг шалган хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 15. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгч хүнийг хууль бусаар хорьсон, хууль бусаар нууж эрх чөлөөг нь хязгаарласан, эсхүл хорьсон, эрх чөлөөг нь хязгаарласан талаарх мэдээллийг нууж, мэдээлэл өгөхөөс татгалзаж эрх чөлөөг нь хязгаарласны улмаас бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулсан нь энэ хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргийн шинжгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 16. Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 17. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 18. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 19. Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний цусыг авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 20. Хууран мэхэлж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтнийг авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 21. Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 22. Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 23. Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Баримт 24. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцно.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)