Энэ долоо хоногт улс төрд болоод нийгэмд олон үйл явдал болж өнгөрлөө. Монголын Улсын гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальтан Д.Сумъяа Дэлхийн аварга болж, монголчуудынхаа магнайг тэнийлгэсэн бол улс төр нэлээд ширүүхэн өрнөж, Засгийн газрыг огцруулах асуудал хурцдав. Мөн НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөж, хотын удирдлагууд замын түгжрэлийг бууруулна гэж үзэн төв зам дагуух долоон уулзвараар зүүн гар тийш эргэхгүй болгох шийдвэрийг гаргаад байсан ч энэхүү шийдвэрээ цуцалсан гээд олон үйл явдал болж өнгөрлөө. Энэ долоо хоногт болж өрнөсөн үйл явдлыг багц 24 буландаа онцолж байна.
“Рио-2016” олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа 2017 оны Дэлхийн аваргын алтан медалийн эзэн болж, элэг нэгт монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ. Унгарын Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа учраа болгоноо илүүрхэн ялж, улмаар дэлхийн аваргын алтан медалийн төлөө Японы жүдоч Цүкаса Ёшидатай хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулган авч дэлхийд данстай тамирчин гэдгээ дахин нотоллоо.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө наймдугаар сарын 31-ний өдөр өгөв. Тэрбээр зөвхөн НИТХ-ын даргын суудлаасаа татгалзаад зогсохгүй, нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ мөн гаргасан байна. Ц.Сандуй "2012 онд хөсөр хаягдсан нийслэлийн ман-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан. 2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн дүүргүүдэд ялагдсан учир нийслэлийн ман-ын хорооны даргаа өгч байна. 60 тэрбумын хэрэг 3 дахь удаагаа шалгагдаж байна. Уг хэрэгт холбоогүй учир өмнө ч хэлж ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлаг зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаадтэд зөвшөөрөхгүй байгаа ч нитх-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгнө" хэмээн сая намынхандаа мэдэгджээ.
Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудал энэ долоо хоногт нэлээд ширүүхэн өрнөсөн. Засгийн газрыг огцруулах асуудлыг намын бүлгүүд болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрүүдээ гаргав. Ардчилсан намынхан Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж дүгнэв. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ардчилсан намын бүлэг хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлаар шийдвэрээ гаргалаа. Манай ажлын хэсэг нэлээн нухацтай ажилласан гэж ойлгож байгаа. Түүнчлэн Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж Ардчилсан намын бүлэгт зөвлөмж хүргүүлсэн. Нийт гишүүдийн саналаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал дээр Ардчилсан намын бүлэг нэгдмэл байр суурьтай оролцож, хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзлээ. Ардчилсан намын бүлгийн даргын хувьд Засгийн газарт хамтрах шаардлага байхгүй гэж үзэж байна" гэдгээ мэдэгдсэн.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх нь буюу 17 гишүүний 9 нь татгалзаж дээрх санал дэмжигдсэнгүй. Тус хуралдаанд 19 гишүүн ирэх ёстойгоос О.Баасанхүү, Б.Наранхүү нар хуралдаа оролцоогүй юм. Харин Засгийн газрыг огцруулах саналыг Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Ж.Эрдэнэбат, М.Энхболд, Н.Энхболд, О.Содбилэг, Б.Ундармаа, Н.Цэрэнбат нар дэмжсэнгүй.
Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргалаа. Захирамжид, Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоосон.
Энхтайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн есдүгээр сарын нэгнээс хэвийн үргэлжлэхээр боллоо. Замын түгжрэлийг бууруулна гэж үзэж төв зам дагуух долоон уулзвараар зүүн гар тийш эргэхгүй болгох шийдвэрийг нийслэлээс гаргаад байсан ч энэхүү шийдвэрээ наймдугаар сарын 31-ний өдөр цуцалсан. Тиймээс есдүгээр сарын 1-ний 06:00 цагаас эхлээд хуучин дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохоор болов.
24tsag.mn
Сэтгэгдэл (17)