Улаанбаатар
Өнөөдөр / 2018.01.17
-17
Өдөртөө
-27
Шөнөдөө

“Үхэж” жаргадаг үлгэрээ шинэчлэх цаг болжээ

2018 оны 1 сарын 4

Монгол ардын үлгэр  гайхамшиг. Тийм ч учраас эцэг дээдсээсээ үлгэрээр үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн хэмээн бид гайхуулах дуртай.  Гэвч өнөөгийн хүүхэд багачуудын дунд 270 орчим үлгэр л уншигдаж яригдаж байгааг судлаачид гаргасан байдаг. Тухайн үлгэрүүд нь хүүхдийн анхаарал татах үйл явдал, өрнөл, тод хурц дүрслэл муутайгаас бага насныхан тэр бүр тоодоггүй, сонирхохгүй болоод байна. Иймд бид үлгэрийг шинэчлэн найруулах эсвэл хүүхдийн зохиолчид илүү их хөдөлмөрлөх цаг болсныг нуух юун. Монгол ардын үлгэрт эмэгтэй дүр ховор. Мөн хүүхдийн хайр, уярал төрүүлэм үйл явдал байхгүй нь ийнхүү үлгэрийг шинэчлэх цаг ирсэнийг сануулж байна. Мөн монгол ардын үлгэрүүд хэт их терорист санааг агуулсан нь байдаг. Тухайлбал,  “Алтан мөнгөн шагай” үлгэрт  “Аргай, аргай түг, аавын толгой хага” гэж хэлээд аавыгаа цохиж алаад ээжтэйгээ амар сайхандаа жаргажээ” гэж төгсдөг. Үнэн чанартаа хүү нь аавынхаа амийг егүүтгэж хөнөөх нь гэмт хэрэг биз дээ. Нөгөө утгаараа аавгүй бол хагас өнчирчихөөд ээжтэйгээ амар сайхан жаргах уу. Мөн догшин морины сүүлнээс эхнэрийнхээ гэзгийг холбож чирүүлж алаад амар сайхандаа жаргажээ...гэж төгсдөг үлгэр бий.

 

Ийнхүү элэг бүтэн амьдралаа үрэн таран хийж байж амар сайхандаа жаргаад байдаг цаг үе өнгөрсөн. Түүнийг нь хүлээж авдаг сэтгэхүйтэй хүүхэд ч байхгүй. Яах вэ, монгол түмэн дайчин, эр зоригтой, тулаанч үе удмын хүмүүс. Тиймээс л үр хүүхдээ ялангуяа хөвгүүдээ эр зоригтой өсгөх гэж арван таван толгойтой атгаалжин хар мангасыг даруулж, хорин таван толгойтой хорголжин хар мангасыг ялуулдаг үлгэр туульс их ярьдаг байсан. Энэ нь тухайн үеийн дайчин эрсийг л бэлтгэх үндсэн сэтгэл зүйн сургууль байсан гэж хэлж болно. Өнөөгийн цаг үед бид тэгвэл шинийг хайж, шинийг эрэлхийлж, хүүхдүүдээсээ түрүүлж сэтгэж, зохиож оюун ухааныг нь зөв хөтлөх цаг болсон. Цэцэрлэгийн насны хүүхдүүд яагаад гадны орны хүүхэлдэйн киног шимтэн үзээд байна, тэд яагаад амьтдын тухай үлгэр зохиолд дурлаад байна. Энэ бүхэнд бид буруутай. Яг үнэндээ Монголд хүүхдийн дүр үгүй болоод удаж байна. “Оргүйд орвол” гэдэг шиг байгаа ганц дүр болох Бонго, Можухаасаа хүүхдүүд минь суралцаж байна. Өнөөх дүрүүд маань үлгэр болон ямар нэгэн зохиолын дүр биш шүү дээ. Зүгээр л хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчид. Тиймээс тэдэнд тогтсон үйл явдал өөрийн гэсэн онцлог чанар байхгүй эрлийз гэж хэлж болно. Энэ бол хамгийн энгийн жишээ. Ийм л болохоор хүүхдүүд компьютер тоглоом, гар утас ашиглах болсон юм. Түүндээ ч донтох болсон. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нар хүүхдийнхээ оюун ухааныг гүйцэж, тэдэндээ зааж сургаж, хүмүүжүүлж чадахаа больсон. Тиймээс өөрсдөө ч мэдэлгүй өөрсдийгөө доромжилсон “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу” гэх мэт телевизийн нэвтрүүлэг хийгээд сууж байна. Нэг үгээр хэлбэл томчууд хүүхдүүдээсээ ичих цаг болжээ. Бид өрсөж сурч, сурвалжилж, бичиж, зохиож хүүхдийнхээ оюун ухааныг зөвөөр хөтлөе.

Хэрэв тэгж чадахгүй бол хүүхдүүдэдээ биднийг удирдах боломж олгоё. Дэлхийн хөгжил хаана ч хүрсэн хүүхдийн суурь боловсрол нэгдүгээрт тавигдах ёстой. Гэвч өнөөдөртөө бид хүүхдийнхээ суурь боловсролыг биш хөрөнгө мөнгийг эн тэргүүнд тавьж байгаа нь өнөөх “ичмээр дамшиг даа” гэдгийн үлгэр болоод байна. Модыг тарих биш ургуулах ёстой байдаг шиг үр хүүхдийнхээ оюунд хог багатай ёс заншил хадгалсан аман зохиол, арвин их монгол хэл, аугаа түүхийг үлдээхсэн. Ингэхийн тулд эн түрүүнд ардын аман зохиол тэр дундаа монгол ардын үлгэрээ шинэчлэн найруулж дахин боловсоруулах нь чухал буй за.    

                                                                                                                                                                               В.Нэргүй

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан