Улаанбаатарын тортоглосон хар утаатай зэрэгцэн Монголын улстөр бужигнаж, ирэх хаврын синдром хахир өвлөөр эхлэх шинжтэй болоод явчихлаа. Ардчилсан намаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт татварын нэмэгдэл, агаарын бохирдол, Үндсэн хуулийн асуудлаар хугацаатай мэдэгдэл хүргүүлж, хэрэв дэс дараатай арга хэмжээ авахгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцруулах хэмжээнд ард олныг тэмцэлд уриална гэдгээ мэдэгдчихлээ. Дээрх ноцтой мэдэгдлийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нар хийсэн юм. Мэдээллийн эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “УИХ-ын чуулган завсарлахаас өмнө, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Ардчилсан нам амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн нь энэ хаврын тэмцэл хоёрдугаар сар дөнгөж гарангуут эхэлж, Монголчууд Цагаан сараа тэмдэглэх биш У.Хүрэлсүхийн Засгийн газартай тооцоо бодоод зогсцгоож байж магадгүй болоод явчихлаа.
Гэтэл Ардчилсан намынхныг дээрх мэдэгдлээ хийхтэй зэрэгцэн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-ны өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон талаар мэдээлж гал дээр тос нэмэв. Х.Амгаланбаатарын мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг МҮЭ-ийн холбоо анхнаас нь эсэргүүцэж УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр тэмцлийн арга хэмжээ авч ирсэн. Гэвч МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй шаардлагад Засгийн газар нааштай хариу өгөхгүй, энэ оноос эхэлж зарим төрлийн татвар нэмэгдэж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа тул жагсаал хийн, эсэргүүцлээ илэрхийлнэ” гэсэн нь тэртэй тэргүй эрх баригч МАН-ын одоогийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаа ард иргэдэд аятай сонсогдох нь дамжиггүй.
ОУВС-ын аманд орж, тэдний тавьсан шаардлага болгоныг боол зарц мэт үг дуугүй толгой дохин биелүүлж байгаа өнөөдрийн эрх баригч МАН УИХ-д хэт олонхи болж 65-уулаа жаалж байгаа ч яг үнэндээ Хүн амын орлогын албан татварыг шатлалтайгаар 2-3 дахин, цахилгаан хөдөлгүүрт, хос тэжээлт автомашинд 50 хувийн татвар ногдуулсан, Онцгой албан татварыг нэмэгдүүлсэн зэрэг нь ард түмний амьдралыг хэрхэн доройтуулсныг төдийлөн сайн мэдрэхгүй байгаа нь тэдний эсрэг бүх нийтээрээ түрхрэн босох үндсэн шалтгаан болоод байгаа юм. Энэ бүх хүндрэл бэрхшээлийг сөрөг хүчин болох Ардчилсан нам овжиноор ашиглаж 2016 оны УИХ-ын сонгуульд ичгүүртэй ялагдал хүлээснийхээ хонзонг авахаар түрхэрч эхэллээ. Товчхондоо эрх баригч МАН-ын хоёр дахь Засгийн газрын хувь заяа догонцож эхэллээ. Эцэстээ энэ хаврын улстөрийн тэмцэл хоёрдугаар сарын хөр цаснаар эхэлж дэлхий дахинд “Монгол Улсын бас нэг Засгийн газар огцорчээ” гэсэн танил шахуу болсон мэдэгдлийг дамжуулах цаг явж эхэлж байна.
Д.Энхтүвшин
Сэтгэгдэл (7)