УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол нарын гишүүдээс сангийн сайд Ч.Улаанд хүргүүлсэн "2013 оны төсвийн гүйцэтгэлийн талаар, самурай бондын зарцуулалтын талаархи" асуулгыг сонсож байна. Ч.Улаан сайд 2013 оны нэгдсэн төсвийн бүрдүүлэлт 92.7 хувьтай гарсан 503 тэрбум төгрөг дутуу төвлөрсөн гэдгийг мэдэгдлээ. Үүнд макро эдийн засгийн байдал муудсан, дотоод эдийн засгийн идэвхжил сул байсан. Гадаад зах зээлийн таагүй байдлаас шалтгаалж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурсан зэрэг шалтгаан нөлөөлсөн гэв. Манай улс 33.7 сая тн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан боловч 18 тн, 14.2 тн алт экспортлох төлөвлөгөөтэй байсан ч 10.4 тн алт борлуулсан байна. Төсвийн орлогын 20 хувь, экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг эрдэс бүтээгдэхүүний худалдаа муудсан нь төсвийн орлого бүрдүүлэлт муудах шалтгаан болсон гэв. Төсвийг буруу тооцоолсон албан тушаалтнуудад хариуцлага тооцсон уу? гэсэн асуултанд "Одоогийн байдлаар төсвийн тооцоог буруу гаргасан гэдэг үндэслэлээр хариуцлага тооцсон зүйл байхгүй" гэж хариулав. Чуулганы хуралдаан гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна. Үүний дараа цаг гарвал хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Гэвч эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар энэ асуудлаар АН-ын бүлэг завсарлага авч дотооддоо хэлэлцэж магадгүй аж.
Сэтгэгдэл (1)