Өвөр Монголын өөртөө засах орны Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөх хорооны дарга асан Жао Липинийг аллагын хэрэгт сэжиглэн баривчилжээ. Түүнийг 28 настай нууц амрагаа хөнөөсөн хэмээн буруутгаж байгаа юм.
Жао Липин энэ гуравдугаар сарын 20-нд Чифэн хотын зочид буудалд амиа алдсан амрагтайгаа хамт хоносон юм байна. Өглөө нь тэрээр эмэгтэйг хоёр удаа буудсан ч хараахан аминд хүрээгүй байжээ. Шархадсан эмэгтэй зочид буудлаас зугтааж гараад цагдаад хандсан байна.
Гэвч Жао цагдаа ирэхээс өмнө хохирогчийг машинд суулган авч явжээ. Цагдаа нар эмэгтэйн цогцсыг хотын гаднаас олсон байна. Харин Жаогийн машиныг Чифэн хотоос 150 км-ийн зайд байдаг Хишигтэн-Ци хошуунаас олоход 64 настай Жао машинаас хамаг хувцас нь цус болчихсон гарч иржээ. Түүнээс гар буу, хутга олсон, баривчлах үед эсэргүүцэл үзүүлээгүй байна.
Жао Липин Ардын зөвлөх зөвлөлийн албанд ирэхээсээ өмнө Өвөр Монголын Аюулгүй байдлын албанд 33 жил алба хаажээ. 2005 онд Олон нийтийн Аюулгүй байдлын удирдах газрын даргаар томилогдож байсан тэрээр өнгөрсөн оны зургадугаар сард сүүлийн албан тушаалаасаа огцорсон юм.
Д.Үжин