
Японы Айчи-Нагоя хотод болж буй 20 дахь удаагийн Азийн наадмын жүдо бөхийн тэмцээнээс Монголын жүдочид эхний хоёр өдрийн байдлаар нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.

Монголын багийн анхны алтан медалийг эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн Ёолк Казирбек хүртсэн. Тэрбээр тэмцээний хагас шигшээд Казахстаны Парисын олимпын хүрэл медальт Гусман Кыргызбаевийг ялж, финалд Узбекистаны Абдурахим Нутфуллоевыг иппоноор буулган авчээ. Ингэснээр Ёолк Казирбек Монголын шигшээ багийн 2026 оны Азийн наадмын анхны алтан медалийн эзэн болсон байна.

Харин эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Тэрбишийн Ариунзаяа мөнгөн медаль хүртэв. Тэрбээр финалд БНСУ-ын Хух Мими-д ялагдсан ч Азийн наадмын дэвжээнээс анх удаа мөнгөн медаль хүртэж, Монголын жүдо бөхийн медалийн тоог нэмсэн юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртсэн. Тэрээр хагас шигшээд Японы Кондо Мицүкид ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Асмита Дэйг ялж, Монголын багт дахин нэг медаль авчирсан байна.

Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Лхагватогоогийн Энхрийлэн хүрэл медаль хүртжээ. Тэрээр хэсэг, хасагдах шатны барилдаануудаа амжилттай давж, улмаар энэ жинд Азийн наадмын медальтнуудын нэг болсон байна. Энхрийлэн өмнө нь 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, мөн оны Дүшанбе болон Казахстаны Их дуулга тэмцээнүүдэд амжилттай оролцсон юм.

Монголын тав дахь медалийг эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Уран-Улзий Анужин хүртэв. Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Инунгамби Такхелламбамыг ваза-ари үнэлгээгээр ялж, Азийн наадмын хүрэл медалийн эзэн болсон байна.
Ингэснээр Монголын жүдо бөхийн баг 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл буюу нийт таван медальтай болоод байна. Олон улсын жүдо бөхийн холбооны мэдээллээр Монгол Улс одоогоор Япон, Узбекистаны дараа жүдо бөхийн медалийн хүснэгтэд гуравдугаарт бичигдэж байна.
Жүдо бөхийн тэмцээний сүүлийн ганцаарчилсан өдрийн хөтөлбөрт эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг болон эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын жингийн барилдаанууд багтсан бөгөөд дараа нь холимог багийн тэмцээнээр жүдо бөхийн хөтөлбөр өндөрлөнө.
Л.Баяр

















































