
Мобикомын захирлууд Монголын дархан цаазат Халх, Нөмрөгийг харанхуй үнс болгосон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл Дархан цаазат газрын 80 хувийг шатаасан, тэнд нэг ч ан амьтангүй боллоо хэмээн мэдэгдсэн.
Нөмрөгийн дархан цаазат газар бол зүгээр нэг ой мод, тал хээр биш. Энэ нутагт Их Хянганы нурууны захын ойт хээр, голын сав газар, нуга, намгархаг орчин зэрэг олон төрлийн байгалийн тогтоц хосолдог. “Нөмрөгийн дархан цаазат газрыг 1992 онд улсын тусгай хамгаалалтад авч, 1995 онд дархан цаазат газрын ангиллыг нь баталгаажуулсан түүхтэй. Энэ бол Монгол орны зүүн хязгаарт орших, ховор амьтан, ургамал, байгалийн өвөрмөц тогтоцыг өөртөө хадгалсан онцгой мөн маш эмзэг экосистем.
Тус бүс нутагт 57 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 15 нь бүс нутгийн болон олон улсын хэмжээнд ховордлын статустай гэж судалгаанд дурджээ. Уссурийн хандгай, голын халиу зэрэг амьтад энэ нутгийн байгалийн баялаг юм.

Уссурийн хандгай бол Монгол орны зүүн хязгаарын Халх, Нөмрөг голын сав газраар тархдаг ховор дэд зүйл. Биеийн урт нь 2 метр 76 сантиметр, сэрвээний өндөр нь бараг 2 метр хүрч, жин нь 400 килограмм хүрдэг аварга амьтан. 2004 онд Нөмрөгийн дархан цаазат газарт ердөө 73 хандгай бүртгэгдэж байжээ. Нэн ховор энэ амьтныг Монголд 1953 оноос агнахыг хориглосон.

Нөмрөгийн дархан цаазат газрын дараагийн чухал амьтан бол голын халиу юм. Голын халиу нь Монгол Улсад нэн ховор амьтдын нэг бөгөөд 1930 оноос агнахыг хориглож, хамгаалж иржээ. Загас болон усны жижиг амьтдаар хооллодог, усанд маш шаламгай сэлдэг энэ амьтны амьдрал гол мөрөн, цэнгэг усны орчинтой салшгүй холбоотой.
Мөн Нөмрөг, Халх голын сав нутгаар нийт 263 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 181 зүйл нь өндөглөн зусдаг гэж судалгааны эх сурвалжид тэмдэглэжээ.Үүнд алтан гургуул, тоодог, идлэг шонхор, Амарын шонхор, хар өрөвтас, хөх дэглий болон зургаан зүйлийн тогоруу багтдаг байна.

Гал түймрийг унтрааж болно. Харин сүйдсэн экосистем, устсан амьдрах орчин, ховор амьтдад учирсан хохирлыг нөхөн сэргээх амаргүй. Зарим эх сурвалжийн мэдээллээр, Халх, Нөмрөг голын сав газрын 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд түймэрт өртсөн, амь тэнцсэн хэдэн тооны амьтад БНХАУ-ын хил давсан гэх мэдээлэл байна.
Энэ үйл явдал Монгол орны дархан цаазат газрын харуул хамгаалалт хэр зэрэг найдвартай, байгаль хамгаалах хууль тогтоомж бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгааг олон нийтэд дахин сөхөн тавилаа. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутагт олгож буй зөвшөөрөл, хяналт шалгалтын тогтолцоо эрх мэдэл бүхий албан тушаалтнууд болон олигархуудын өмнө хэрхэн үнэгүйдэж буйг харуулав.
Т.Золзаяа






















































