
Монголын Үндэсний шигшээ баг, “Гэгээн арвай” клубийн шатарчин Б.Мөнгөнзул их мастер цолны сүүлийн нормоо биелүүлж, Монгол Улсын найм дахь эмэгтэй их мастер боллоо. Тэрбээр “Kasparov Chess Foundation Friendship Festival 2026” олон улсын тэмцээнд оролцож, есөн өргөөс таван оноо авснаар эмэгтэй их мастер цолны шаардлагыг хангажээ. Мөн эрэгтэй олон улсын мастер цолны хоёр дахь нормоо биелүүлсэн байна.
Орхон аймгийн уугуул Б.Мөнгөнзул нь сүүлийн жилүүдэд Монголын шатрын спортод амжилттай өрсөлдөж буй тамирчдын нэг юм. Тэрбээр 2025 онд шатрын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд 9.5 оноо авч түрүүлсэн билээ. Тухайн тэмцээнд найман өрөгт хожиж, гурван өрөгт тэнцсэн амжилт үзүүлсэн юм.
Мөн 2025 онд Арабын Нэгдсэн Эмират Улсын Аль-Айн хотод болсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж, дэлхийн цомд оролцох эрхээ авсан нь түүний олон улсын тавцанд гаргасан онцлох амжилтуудын нэг байв.
Б.Мөнгөнзулын өмнө Монгол Улсаас Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, А.Энхтуул, Д.Номин-Эрдэнэ, Б.Аминаа, Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул нар эмэгтэй их мастер цол хүртэж байжээ. Ингэснээр Б.Мөнгөнзул Монголын эмэгтэй их мастеруудын эгнээнд нэгдэж, үндэсний шатрын спортын түүхэнд өөрийн нэрийг бичүүллээ.
Түүнчлэн уг тэмцээний үеэр Г.Зэв 16 насандаа Олон улсын шатрын холбооны дэд мастер цолны болзол хангаж, Монголын шатрын спортын ирээдүйтэй залуу тамирчдын нэг гэдгээ харуулжээ. Шатрын их мастер цол нь Олон улсын шатрын холбоо (FIDE)-ноос олгодог хамгийн өндөр зэрэглэлийн цолуудын нэг бөгөөд тамирчнаас олон улсын тэмцээнд тогтвортой өндөр амжилт гаргахыг шаарддаг. Б.Мөнгөнзулын энэхүү амжилт нь Монголын шатрын спортын олон улсын өрсөлдөх чадварыг харуулсан онцлох үйл явдал боллоо.
Л.Баяр





















































