
Израилын хойд хэсэгт, Ливантай хиллэдэг бүсийн ойролцоо сургуулийн аялал хийж байсан сурагчдын дунд дэлбэрэлт болж, нэг өсвөр насны хүүхэд амиа алдан, олон хүн шархадсан талаар Израилын онцгой байдлын албаныхан мэдээлжээ. Израилын арми эхний шалгалтаар уг дэлбэрэлт нь өмнөх мөргөлдөөний үеэс үлдсэн, “Хезболла” бүлэглэлийн ашигласан тэсрээгүй сум хэрэгсэлтэй холбоотой байж болзошгүй гэж үзсэн байна.
Уг хэрэг аравдугаар сарын 12-ны даваа гарагт Израилын хойд хэсгийн Ливаны хил орчмын бүсэд болжээ. Сурагчид болон багш нар шашны чиглэлийн ахлах сургуулиас зохион байгуулсан аяллын үеэр дэлбэрэлтэд өртсөн байна. Израилын Гадаад хэргийн сайд Гидеон Саар амиа алдсан хүүхдийг 15 настай байсан гэж мэдээлсэн бол бусад эх сурвалжид түүний насыг 14 гэжээ.
Израилын аврах албаны мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас 20 гаруй хүн шархадсан бөгөөд заримынх нь биеийн байдал хүнд байна. Reuters агентлагийн мэдээллээр, нийт 24 хүн шархадсаны дотор 22 хүү, хоёр насанд хүрсэн хүн байжээ. Хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байсан байна.

Израилын армийн урьдчилсан дүгнэлтээр, дэлбэрэлт нь өмнөх мөргөлдөөний үеэр ашиглагдсан боловч дэлбэрээгүй үлдсэн тэсрэх хэрэгслээс үүдэлтэй байж болзошгүй аж. Тухайн бүс нутагт Израил болон Ливаны “Хезболла” бүлэглэлийн хооронд болсон мөргөлдөөний үеэр ашиглагдсан пуужин, сум хэрэгслийн үлдэгдэл олон бий. Израилын цагдаагийн албаныхан тэсрээгүй сум хэрэгслийг сурагчдын нэг нь олж авч, цүнхэндээ хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа талаар Reuters мэдээлжээ. Гэхдээ тухайн үед яг ямар нөхцөлд дэлбэрэлт болсныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байв.
Израилын арми болон аврах багийнхан ослын газарт нисдэг тэрэг, цэргийн хүч илгээж, шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэх ажиллагаа явуулжээ.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху шархадсан хүмүүсийн талаар мэдээлэл авч, эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн биеийн байдлыг тодруулсан байна. Мөн Израилын цагдаагийн ерөнхий комиссар Даниэль Леви уг хэрэгтэй холбогдуулан бүс нутагт сурагчдын аялал зохион байгуулах аюулгүй байдлын журмыг дахин хянахаа мэдэгджээ.
Л.Баяр





















































