
Дэлхийн 1.4 тэрбум католик шашинтны тэргүүн, Ромын пап XIV Лео уушгинд нь илэрсэн жижиг ургацгийг авах хагалгаанд орохоор Италийн нийслэл Ром хотын эмнэлэгт хэвтжээ. Энэ нь түүнийг 2025 оны тавдугаар сард папаар сонгогдсоноос хойш анх удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тохиолдол юм.
Өдгөө 71 настай пап аравдугаар сарын 11-ний ням гарагт Гэгээн Петрийн талбайд цугласан хүмүүст хандан, эмч нар түүний уушгинд зангилаа буюу жижиг ургацаг илрүүлсэн тул авах шаардлагатай болсныг мэдэгджээ. Тэрбээр уг ургацгийг маш эрт үед нь илрүүлсэн бөгөөд тодорхой хэсэгт хязгаарлагдсан гэж тайлбарласан байна.
XIV Лео аравдугаар сарын 13-ны мягмар гарагт Ром хотын баруун хойд хэсэгт байрлах Агостино Жемеллигийн их сургуулийн эмнэлэгт хагалгаанд орсон юм. Уг эмнэлэг нь Ватикантай олон жилийн түүхэн холбоотой бөгөөд өмнөх папууд ч энд эмчлүүлж байжээ. Ватиканы хэвлэлийн албаны мэдээлснээр, хагалгаа төлөвлөсний дагуу амжилттай болж, пап эмнэлгийн өрөөндөө буцаж ирсэн байна.
Папын биеийн байдалд анхаарал хандуулж буй хүмүүсийн хувьд энэ нь түүний эрүүл мэндтэй холбоотой анхны томоохон асуудал болж байгаа юм. Өмнөх өдрүүдэд тэрбээр товлосон уулзалт, арга хэмжээнүүддээ оролцсон хэвээр байжээ.
Эмч нарын зөвлөснөөр XIV Лео уушгины ургацгийг авах мэс ажилбарт орохоор шийдвэрлэсэн бөгөөд Ватиканы зүгээс түүнийг ойролцоогоор долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эдгэрнэ гэж мэдээлсэн байна. Түүний олон нийтийн арга хэмжээ, уулзалтуудыг аравдугаар сарын 20 хүртэл цуцалжээ.
Мөн пап ирэх арваннэгдүгээр сарын 6-17-ны өдрүүдэд Уругвай, Аргентин, Перу улсад хийхээр төлөвлөсөн 11 хоногийн айлчлалаа үргэлжлүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. XIV Лео нь АНУ-ын Чикаго хотод Роберт Превост нэрээр 1955 онд төрсөн бөгөөд Перу улсад олон жил номлогч, бишопоор ажиллаж байжээ. Тэрбээр 2025 оны тавдугаар сарын 8-нд Католик сүмийн 267 дахь папаар сонгогдсон юм.
Л.Баяр




















































