
АНУ-ын Нью-Йорк хотын алдарт Төв цэцэрлэгт хүрээлэнд жуулчдад үйлчилдэг морин тэрэгний үйл ажиллагааг зогсоохоор хотын захиргаа болон Хотын зөвлөлийн удирдлагууд тохиролцжээ. Олон жилийн турш үргэлжилсэн маргааны дараа энэхүү шийдвэр нь амьтны эрхийг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай холбоотойгоор албажиж байна.
Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани, Хотын зөвлөлийн дарга Жули Менин нар морин тэрэгний үйл ажиллагааг үе шаттайгаар зогсоох хуулийн төслийг дэмжихээр тохиролцсон байна. Хотын зөвлөл уг хуулийн төслийг энэ сарын 22-нд хэлэлцэн санал хураахаар төлөвлөжээ. Хэрэв батлагдвал 2028 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн Нью-Йорк хотын таван дүүрэгт морин тэрэг ажиллуулахыг хориглох юм.
Энэхүү шийдвэрийг олон жилийн турш амьтны эрхийг хамгаалах байгууллагуудын зүгээс тавьж ирсэн шаардлагатай холбон тайлбарлаж байна. Тэдний үзэж буйгаар морьдыг олон цагаар ажиллуулж, халуун болон хүйтэн цаг агаарт хотын хөдөлгөөн ихтэй гудамжаар явуулах нь амьтдын эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулдаг. Мөн зарим морь хяналтаас гарч давхих, зам дээр унах зэрэг тохиолдол гарч байжээ.

Гэвч морин тэрэгний үйл ажиллагаа эрхлэгчид эдгээр шүүмжлэлийг няцааж, морьдоо зохих ёсоор арчилж, маллагааны байр, нөхцөлийг хотын дүрэм журмын дагуу бүрдүүлдэг гэж мэдэгдсээр ирсэн байна. Түүнчлэн энэ салбарт ажилладаг хүмүүсийн амьжиргаанд хориг хэрхэн нөлөөлөх нь анхаарал татсан асуудал хэвээр байгаа юм.
Морин тэрэгний үйл ажиллагааг хориглох шаардлага энэ оны зун болсон харамсалтай ослын дараа улам хүчтэй өрнөсөн байна. Тодруулбал, зургадугаар сарын 17-нд Төв цэцэрлэгт хүрээлэнд морь үргэж, тэрэг хяналтаас гарахад 18 настай жуулчин Романч Махажан амь насаа алджээ. Тэрбээр хөдөлгөөнд орсон тэргэнээс үсэрсний дараа хүнд бэртэж, улмаар нас барсан байна.
Хотын зөвлөлийн дарга Жули Менин уг ослыг урьдчилан сэргийлэх боломжтой байсан эмгэнэлт явдал хэмээн тодорхойлж, одоогийн нөхцөл байдлыг хэвээр үргэлжлүүлэх боломжгүй болсныг онцолжээ. Түүний хэлснээр, Нью-Йорк хотын түүхийн нэг хэсэг болсон морин тэрэг нь өнөөдөр хүн олноор зорчдог Төв цэцэрлэгт хүрээлэнд олон нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байна.
Хотын захиргаа хоригийг хэрэгжүүлэхдээ морин тэрэгний жолооч нарыг орлогогүй үлдээхгүй байх шилжилтийн төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байгаа аж. Ойролцоогоор 200 жолоочийн хөдөлмөр эрхлэлтийн шинэ боломжийг бүрдүүлэх асуудлыг уг төлөвлөгөөнд тусгах юм.

Хэрэв хуулийн төсөл батлагдвал Нью-Йоркийн 150 гаруй жилийн түүхтэй морин тэрэгний уламжлал төгсгөл болох бөгөөд амьтдын хамгаалал, хотын аюулгүй байдал болон ажилчдын эрх ашгийг хэрхэн уялдуулах нь дараагийн шатны гол асуудал болох юм.
Л.Баяр





















































