
Австралийн үндэсний агаарын тээврийн Qantas компанийн онгоцонд орны бясаа илэрсний улмаас Италийн Ром хотоос Австралийн Перт хот руу нисэх нислэгийг цуцалжээ. CNN-ийн мэдээлснээр, аравдугаар сарын 9-нд Перт хотоос Ром руу ниссэн QF5 дугаартай нислэгийн үеэр зорчигчид шавжинд хазуулсан тухай гомдол гаргасан байна. Уг нислэгийн энгийн ангилалд зорчиж явсан хүмүүсийн мэдээлснээр, жижиг шавжнууд хувцас, гар тээш, онгоцны хөнжил болон цонхны ойролцоо үзэгдсэн байна.
Үүнтэй холбоотойгоор аравдугаар сарын 10-нд Ромоос Перт рүү буцах ёстой байсан QF6 нислэгийг цуцалжээ. Уг нислэгт ашиглахаар төлөвлөсөн Boeing 787 Dreamliner загварын онгоцыг үйлчилгээнээс түр гаргаж, шавж устгах болон бүхээгийг нарийвчлан цэвэрлэх ажил хийсэн байна. Qantas компани уг явдлыг шалгаж байгаа бөгөөд нислэг цуцлагдсанд зорчигчдоос уучлал хүсжээ. Компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, энгийн ангиллын цөөн тооны суудалд асуудал илэрсэн тул инженер, техникийн баг онгоцонд гүн цэвэрлэгээ хийх шаардлагатай болсон байна. Мөн тухайн нислэгээр зорчих байсан зорчигчдыг зочид буудалд байрлуулж, өөр нислэгээр зорчих зохицуулалт хийжээ.
Орны бясаа нь хүний болон зарим амьтны цусаар хооллодог, жижиг биетэй, далавчгүй шавж юм. Ихэвчлэн улаан хүрэн өнгөтэй бөгөөд хувцас, чемодан, ор дэрний хэрэглэл, тавилга зэрэгт нуугдан тархах боломжтой. Эдгээр шавж хүнийг хазахад арьс улайж, загатнах, хавдах шинж тэмдэг илэрч болно. Зарим хүний биед хазуулсан ч мэдэгдэхүйц урвал илрэхгүй байхад зарим тохиолдолд харшлын урвал хүчтэй илэрдэг. Одоогоор орны бясаа хүний өвчнийг дамжуулдаг нь нийтлэгээр тогтоогдоогүй ч тэдгээрийг устгах нь нэлээд хүндрэлтэй байдаг.
Ийм шавж аяллын үеэр чемодан, хувцас болон бусад хувийн эд зүйлээр дамжин шинэ орчинд тархах эрсдэлтэй. Тиймээс онгоц, зочид буудал зэрэг олон хүн зорчдог орчинд илэрсэн тохиолдолд тусгай арга хэмжээ авч, халдварласан байж болзошгүй хэсгийг нарийвчлан цэвэрлэх шаардлагатай байдаг.
Л.Баяр




















































