
Ирландын нэрт зохиолч Салли Рүүнигийн номуудыг Их Британид худалдаалах, түгээхээ зогсоох шийдвэр гаргасан нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон терроризмтой тэмцэх хууль тогтоомжийн талаарх маргааныг дахин дэгдээлээ. “Normal People”, “Conversations with Friends” зэрэг бестселлер зохиолоороо дэлхийд танигдсан Салли Рүүни Палестиныг дэмжигч “Palestine Action” бүлэгт санхүүгийн тусламж үзүүлэхээ илэрхийлсэн юм. Үүний дараа түүний бүтээлүүдийг хэвлэн нийтлэгч “Faber” компани Их Британид номыг нь нийлүүлэхээ зогсоох шийдвэр гаргажээ.
Рүүни номын борлуулалт болон бүтээлүүдээс нь сэдэвлэсэн телевизийн цувралын орлогоос тус бүлэгт хандив өгөх хүсэлтэй байгаагаа өмнө нь мэдэгдсэн байна. Гэвч Их Британийн хууль тогтоомжийн дагуу хориглосон байгууллагыг дэмжихтэй холбоотой санхүүгийн үйл ажиллагаа эрүүгийн хариуцлага үүсгэх эрсдэлтэй тулгарчээ.

“Faber” компани зохиолчид номын орлогоос нь төлбөр олгох боломжгүй нөхцөл үүссэн учраас түүний бүтээлүүдийг Их Британид нийлүүлэхээ зогсоох шийдвэрийг зохиолчтой тохиролцсоны үндсэн дээр гаргасан гэж мэдээлсэн байна. Харин бусад улс оронд Рүүнигийн номуудыг хэвлэн нийтэлж, борлуулах ажиллагаа үргэлжлэх аж.
“Palestine Action” нь Израилтай холбоотой зэвсэг үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг эсэргүүцдэг бүлэг юм. Их Британийн Засгийн газар 2025 оны долоодугаар сард тус байгууллагыг терроризмын эсрэг хууль тогтоомжийн хүрээнд хориглосон.
Энэ шийдвэрийг дэмжигчид үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай гэж үздэг бол шүүмжлэгчид үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулдаг.
Л.Баяр

















































