
Хойд Солонгос, БНХАУ хоёр улсын хилийг холбосон Ялу голын шинэ гүүрийг аравдугаар сарын 15-нд албан ёсоор нээлээ. Анх 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан уг гүүр бүтээн байгуулалтын ажил удааширснаас шалтгаалан 12 жилийн дараа ийнхүү нээгдэж байна.
Шинэ Ялу голын гүүр нь Хятадын зүүн хойд хэсэгт орших Даньдун хотыг Хойд Солонгосын Синыйжу хоттой холбосон, дөрвөн эгнээ бүхий, гурван километр урт авто замын гүүр юм. Нээлтийн ёслолын үеэр ачааны автомашинууд гүүрээр хоёр чиглэлд зорчиж эхэлсэн байна.
Гүүрийг Хятадын тал 2014 онд барьж дуусгасан боловч Хойд Солонгосын талын холбогдох зам, гаалийн байгууламжийн ажил дуусаагүйгээс ашиглалтад орох хугацаа олон жилээр хойшилжээ. Үүнээс гадна хоёр улсын харилцаанд үүссэн зөрчил, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой НҮБ-ын хориг арга хэмжээ зэрэг нь хамтын ажиллагаанд нөлөөлсөн гэж ажиглагчид үздэг.

Шинэ гүүр ашиглалтад орсноор хоёр улсын хоорондын худалдаа, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, хуучин гүүрний ачааллыг бууруулах боломжтой гэж үзэж байна. Одоогоор хоёр улсын албан ёсны худалдааны ихэнх хэсэг нь 1940-өөд онд баригдсан хуучин гүүрээр дамжин өнгөрдөг аж.
Хятад улс нь Хойд Солонгосын худалдааны хамгийн том түнш бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 2025 онд 2.73 тэрбум ам.долларт хүрчээ. Хятад улсаас Хойд Солонгос руу шар буурцгийн тос, элсэн чихэр, даавуу, хуванцар бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэх түүхий эд болон бусад өргөн хэрэглээний бараа нийлүүлдэг. Хойд Солонгосоос Хятад руу хиймэл үс, үсний бүтээгдэхүүн, төмрийн хүдэр, ган төмөр болон зарим ашигт малтмал экспортолдог. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын хориг арга хэмжээ худалдааны зарим салбарт хязгаарлалт тавьдаг. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоёр улсын хууль ёсны худалдаа, ачаа тээвэр илүү хялбар болох боломжтой.
Л.Баяр

















































