
2026 оны аравдугаар сарын 15-нд Пакистаны баруун хойд хэсгийн Пешавар хотод хувийн сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд болон багш нар амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Аврах ажиллагааны үеэр нуранги дор дарагдсан хүмүүсийг эрэн хайж, гэмтсэн хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, осол Пешавар хотын Дир колони орчимд байрлах хувийн сургуульд болсон байна. Тус сургуулийн дээвэр гэнэт нурж, тухайн үед хичээлдээ сууж байсан сурагчид нурангид дарагджээ.
Эх сурвалжуудын мэдээллээр, амиа алдсан хүүхдүүдийн ихэнх нь 13 болон түүнээс доош насныхан байв. Олон арван хүн гэмтэж, заримынх нь биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан мэдээлсэн байна. Аврах багийнхан нурангийг цэвэрлэж, сурагчид болон сургуулийн ажилтнуудыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлжээ.
Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, гэмтсэн хүүхдүүдийг хурдан эдгэрэхийг хүссэн байна.
Пакистанд барилгын чанар, хөдөлмөрийн болон барилгын аюулгүй байдлын стандартын хэрэгжилттэй холбоотой асуудал үе үе гардаг. Энэ оны зургадугаар сард Лахор хотын сургалтын төвийн дээвэр нурсны улмаас хүүхдүүд амиа алдсан хэрэг мөн гарч байжээ. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байгаа бөгөөд аврах ажиллагааны явцад хохирогчдын тоо өөрчлөгдөж болзошгүй байна.
Л.Баяр



















































