
АНУ-ын Орегон мужийн Бенд хотын бага сургуульд аравдугаар сарын 15-нд зэвсэгт халдлага гарч, гурван хүүхэд, нэг багш амиа алдсан байна. Халдлагыг 16 настай өсвөр насны хүү үйлдсэн бөгөөд хэргийн газарт байхдаа энгийн иргэний гарт амиа алдсан байна.
Цагдаагийн мэдээлснээр, халдлага Silver Rail бага сургуульд болсон байна. Сэжигтэн сургуулийн түгжээтэй хаалгыг буудаж нэвтэрсэн бөгөөд удалгүй сургуулийн дотор гал нээжээ. Амиа алдсан хүүхдүүд тав, найм, 11 настай байсан аж. Мөн долоон настай хүүхэд болон 54 настай багш хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хэрэг гарахын өмнө галт зэвсэгтэй этгээд автомашин руу буудсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дараа сургуулийн дотроос халдлагын талаар хэд хэдэн дуудлага ирсэн байна.
Халдлагыг харсан нэгэн иргэн сэжигтнийг сургууль руу даган орж, түүнтэй буудалцан амь насыг нь хөнөөсөн гэж Бенд хотын цагдаагийн газрын дарга Майк Кранц мэдээлжээ. Цагдаа нар хэргийн газарт ирэхэд халдагч аль хэдийн амиа алдсан байсан байна.
Одоогоор халдагч тухайн сургуультай ямар нэгэн холбоотой байсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Холбооны мөрдөх товчоо (FBI) мөн хэрэгт холбогдуулан ажиллаж байгаа аж. Уг сургуульд өнгөрсөн хичээлийн жилд 459 орчим сурагч суралцаж байжээ. Халдлагын дараа Бенд хотын сургуулиудын хичээл, үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Л.Баяр























































