
Украин улс ОХУ-ын нутаг дэвсгэрт энэ онд хийсэн хамгийн том дрон халдлагуудын нэгийг үйлдэж, Санкт-Петербург хотын газрын тосны терминалыг онилжээ. Энэ нь Украины эрчим хүчний байгууламжуудад халдлага хийхгүй байхыг Киевээс шаардсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурьтай зөрчилдсөн үйлдэл боллоо. Түүнчлэн уг халдлагын дараа Дональд Трамп Зеленскийг зэмлэсэн талаар барууны хэвлэлүүд мэдээлэв.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, ням гарагт шилжих шөнө улсынхаа хэд хэдэн бүс нутагт Украины 1,015 дроныг устгажээ. Халдлагын үеэр Санкт-Петербург хотын газрын тосны терминал өртсөн байна. Тус байгууламж жилд 12.5 сая тонн газрын тос боловсруулах, тээвэрлэх хүчин чадалтай аж.
Мөн Санкт-Петербург хотын логистикийн төв дрон халдлагад өртжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан бөгөөд орон сууцны барилгууд эвдэрсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт ОХУ, Украин эрчим хүчний байгууламжуудад харилцан цохилт өгөхөө зогсоохоор тохиролцсон гэж мэдэгдсэн юм. Гэвч хоёр улсын аль аль нь ийм албан ёсны тохиролцоонд хүрснээ батлаагүй байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд халдлага үйлдсээр байгааг шүүмжилжээ. Түүний мэдээлснээр, АНУ-ын санаачилгын дараа ОХУ Украины эрчим хүч, газрын тос, байгалийн хийн салбарт 76 удаа халдсан байна.
Үүний зэрэгцээ АНУ ОХУ-ын газрын тосны нийлүүлэлттэй холбоотой зарим хоригийг түр сулруулсан нь Киевийн санаа зовнилыг нэмэгдүүлжээ. Украин ОХУ-ын нутаг дэвсгэрт алсын тусгалтай дроноор цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа нь Москва, Киевийн мөргөлдөөнийг намжаах дипломат хүчин чармайлтад дахин сорилт болж байна.
Л.Баяр





















































Сэтгэгдэл (1)