Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд прокурорын албан тушаалд томилогдохдоо тангараг өргөхөөр заасан. Монгол Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар УЕПГ-ын Эрх зүйн туслалцаа гадаад харилцааны хэлтэст хяналтын прокуророор томилогдсон Болор-Эрдэнэ, УЕПГ-ын Сургалт судалгааны төвд хяналтын прокуророор томилогдсон Мэндсайхан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу прокурорын тангараг өргөлөө.Тангараг өргөх ажиллагааг Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт нээж прокурорын албан тушаалд Болор-Эрдэнэ, Мэндсайхан нар томилогдсоныг танилцуулж, дээрхи прокурорууд Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Прокурорын тангараг” – ыг цээжээр уншиж тангарагаа өргөлөө.
Тангараг өргөх ажиллагаанд Улсын Ерөнхий Прокурорын туслах Тамгын Газрын дарга Б.Үнэнбат, Улсын Ерөнхий Прокурорын Туслах Эрх зүйн туслалцаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Г.Ганзориг, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Сургалт судалгааны төвийн захирал Л.Болд нар байлцаж, мөн УЕПГ-ын хяналтын прокурорууд оролцлоо.
Тангараг өргөсөн прокуроруудад ажлын амжилт хүсч, УЕПГ-аас дурсгалын зүйл гардуулан өгч, дурсгалын зураг авахууллаа.
Д.Ундрах /24tsag.mn/



















































