Хүн бүр өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа тарьсан таримал ойгоо өмчлөх эрхтэй боллоо. Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ч өөрийн эзэмшлийн мөн ойн сангийн бус газарт зориудаар тарьж ургуулсан ойгоо өмчилнө. Харин өмчлүүлсэн таримал ойн доорхи газар, газрын хэвлий өмчлөлд хамаарахгүй юм. Мөн өмчлөгч нь зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байхаар заажээ.Өмчлүүлэх таримал ойн хэмжээ нь 0.5 га-гаас багагүй байна. Насжилтын хувьд үр болон тарьц, суулгацаар ойжуулалт хийснээс хойш таваас дээш жил арчилж ургуулсан, 8 ба түүнээс дээш настай байх аж. Өмчлөгч нь таримал ойгоо зөвхөн экологийн зориулалтаар эзэмшиж, ашиглах бөгөөд харин огтолж ашиглахыг журмаар хоригложээ. Дэлгэрэнгүй мэдээллийг БОНХЯ-ны www.mne.mn сайтын хууль, тогтоомж гэсэн хэсгээс авна уу.




















































