
Шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн, гаалийн байгууллагад хураагдсан түүх соёлын дурсгалт зүйлийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэх журам баталлаа. Тухайн эд зүйлийг төрлөөр нь ялгаж музейн сан хөмрөгт шилжүүлэх эрх зүйн зохицуулалт үйлчилдэг ч өнөөг хүртэл ингэж бүртгэсэн зүйл байхгүй байсаар иржээ. Түүнчлэн, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад хураагдсан дурсгалт зүйлсийг одоо Гаалийн ерөнхий газарт хадгалж байгаа ба эдгээрийг холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгөх шаардлагатай байгаа юм. Иймд түүх соёлын дурсгалт зүйлсийг ССАЖЯ-нд нэгдсэн журмаар шилжүүлж, шаардлага хангасан орчин нөхцөлд хадгалж хамгаалдаг байхыг ийнхүү журамлалаа.