
Улаанбаатар хотыг дахин төлөвлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж эхлээд байгаа. Анхны хэлэлцүүлгийн шатанд яваа уг төслийг ирэх хаврын чуулганаар үргэлжүүлэн хэлэлцэх юм. Сүүлийн үед Улаанбаатар хотын хүн ам ихэсч, хөрс, агаарын бохирдол дээд цэгтээ хүрснээс гадна хотын бүтэц, зохион байгуулалт замбараагүй болсон. Одоогийн Улаанбаатар хотыг 500 мянга орчим хүнтэй байхаар төлөвлөсөн байдаг. Харин сүүлийн үед хүн амын тоо өсч, хот руу шилжин ирэх хүмүүсийн тоо нэмэгдснээр Улаанбаатарын ачаалал ихэсссэн байна. Ойрын хэдэн жил бараг таван аймгийн хүн амтай тэнцэх тооны хүн хотод шилжин иржээ. Дээр нь барилгажих процесс их явсан. Энэ шалтгаанаас болоод замын түгжрэл, агаарын бохирдлын асуудал хүндэрсэн. Харин шинээр баталсан хотын төлөвлөгөөнд төвлөрлийг сааруулах ажлууд тусгагдсан байна. Энэ мэт төвөгтэй байдал үүсгээд байгаа учраас Барилгын хууль, Хот байгуулалтын хууль, авто зогсоолын хуулийн төслийг даруй хэлэлцэж батлах нь зөв гэх хүмүүс олон байна.
Мөн Авто зогсоолын тухай хуулийг батлах нь иргэдэд нэн ашигтай хэмээн хууль санаачлагч БХБ-ын сайд Ц.Баярсайхан хэлж байна. Учир нь өнөөдөр авто зогсоолын асуудал үнэхээр хүнд байгаа. Жолооч нар машинаа тавих газаргүйгээс болж ажлаа их алддаг билээ.
Т.Энхэлээ