Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийд өргөж, монгол залуусын эрч хүч, оюунлаг амжилтыг нийгэмд таниулах зорилготой “Монгол хүн Монголын баялаг” нэвтрүүлгийн шинэ дугаарыг Япон орноос бэлтгэжээ. “I сity media" группынхны санаачлан бэлтгэж, хэдийнэ үзэгчдийн танил болоод байгаа “Монгол хүн Монголын баялаг” нэвтрүүлгийн өмнөх дугааруудыг БНСУ, АНУ-аас бэлтгэж, Yahoo, Google, Microsoft, Samsung, Adobe зэрэг дэлхийд нэр хүндтэй компаниудад ажилладаг монголчуудаа урьж оролцуулж байсан. Мөн урлаг соёлын салбарт ч дэлхийд Монголын нэрийг дуудуулж яваа монголчуудыг оролцуулсан нэвтрүүлэг үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байгаа.Харин тус нэвтрүүлгийн дараагийн шинэ дугааруудыг бэлтгэхээр Япон орныг зорьсон нэвтрүүлгийн багийнхан сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал, Японы шоу бизнесийн зах зээлд тэргүүлэгчдийн нэг, 25 жилийн түүхтэй Avex компанийн ажилтан С.Билгүүн, Sony корпорацийн ажилтан О. Ундрал нарыг “Монголын баялаг”-аар онцлоод байна.
Эдгээр нэвтрүүлгээс Японы мэргэжлийн сумод Монгол эр хүний хиймор сүлд, цог жавхаа, сүр хүчийг мэдрүүлж яваа Их аваргын амжилтанд хүртлээ туулсан зам, ирээдүйн төлөвлөгөө зэргийг нь хуваалцаж, арлын орноос сурсан эрдмээ Монголдоо хэрэгжүүлж, хөгжүүлэх чин хүсэлтэй Avex компанийн ажилтан С.Билгүүн, цахилгаан барааны, IT салбарт тэргүүлэгчдийн нэг Sony компанид Монгол хүний эрдэм чадлыг үнэлүүлж яваа чадварлаг бүсгүй О. Ундрал нарын сонирхолтой яриаг шимтэн сонсох боломжтой болох нь. Арлын Япон орноос бэлтгэсэн “Монгол хүн Монголын баялаг” нэвтрүүлэг энэ гуравдугаар сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох юм байна.





















































Сэтгэгдэл (2)