Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Дангаасүрэнгийн Салдан энэ сарын 6-ны өдөр таалал төгссөн билээ. Улс эх орныхоо төлөө олон жилийн нөр их хөдөлмөрөө зориулан үр бүтээлтэй ажиллаж ирсэн түүнийг алсын замд нь үдэхийн өмнө салах ёс гүйцэтгэх хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр боллоо. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон төр нийгмийн зүтгэлтэн бусад хүмүүс талийгаачтай салах ёс гүйцэтгэж, түүний бүтээлч, хөдөлмөрч хичээнгүй зан чанар, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн чин хүсэл эрмэлзэл, нөхөрсөг дотно харьцаа, гэгээн дүр төрх бидний сэтгэлд үүрд дурсагдах болно хэмээн талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд нь гүн эмгэнэлээ илэрхийллээ. Дангаасүрэнгийн Салдан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж, 1958-1979 онд Улсын төлөвлөгөөний комиссын Их барилга, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Үйлдвэр, барилгын асуудал эрхэлсэн орлогч дарга, Гадаад хамтын ажиллагаа эрхэлсэн нэгдүгээр орлогч даргаар тус тус ажиллаж байсны зэрэгцээ 1967 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хороог санаачлан байгуулалцаж, улмаар 1985 он хүртэл тус хорооны дарга бөгөөд БНМАУ-ын сайдаар томилогдон ажиллаж байв. Энэ хугацаанд гадаад орнуудын техник-эдийн засгийн туслалцаа, тусламжаар манай орны үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, холбоо, соёл, боловсролын салбарт нийтдээ 340 гаруй барилга байгууламж шинээр баригдсан нь түүний уйгагүй хөдөлмөр, идэвх зүтгэл, бүтээлч санаачлагатай салшгүй холбоотой юм. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, ноолуурын “Говь” комбинат зэрэг үйлдвэрүүд, нийслэлийн I, III, IY, XII, XIX хороолол, Дархан, Эрдэнэт, Багануур, Чойбалсан хотуудыг бүтээн босгох, барьж байгуулахад гавьяат эдийн засагч Д.Салдан өөрийн бүтээлч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирснийг нь Монголын ард түмэн сайн мэдэх билээ.
Гүн эмгэнэл илэрхийлье


















































Сэтгэгдэл (3)