
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын “Ажлын үр дүн, үр нөлөөг дүгнэх тухай” 2014 оны 01 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор уржигдраас эхлэн системын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах сарын аяныг зохион байгуулахаар төлөвлөсны дагуу Ховд аймгийн МХГ-аас аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд Сахилга хариуцлагыг дээшлүүлэх сарын аяны нээлтийг хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан оролцож МХГ-ын ажилтан, албан хаагчид болон Ховд аймгийн төрийн байгууллагуудын удирдлагуудад хандан үг хэлж, сарын аянаа үр дүнтэй, өгөөжтэй өрнүүлэн, аймгийн хэмжээнд тулгамдаад байгаа агаарын бохирдол, хог, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдлын асуудал дээр онцгой анхаарч хяналт шалгалт хийх хэрэгтэй хэмээн нийт улсын байцаагчдад захиж байлаа. Мөн МХЕГ-ын авлига, хүнд сурталгүй, ёсзүйтэй хамт олныг төлөвшүүлэх мэдэгдлийг нийт албан хаагчдад уншиж танилцуулаад Ховд аймгийн МХГ-ын ажиллагсад, улсын байцаагчид “Бид авлига, хүнд сурталгүй, ёс зүйтэй хамт олон болохоо мэдэгдэе” гэсэн уриалга дэвшүүлж гарын үсэг зурсан юм.
Д.Дуулим