
Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулийн бакалаврын ангид суралцаж байгаа оюутнуудад сайн дурын үндсэн дээр "Цэргийн ерөнхий бэлтгэл" хичээлийг 2 кредит, 96 цагаар сонгож судлуулна. Үүний дараа шаардлага хангасан оюутан залуусыг 12 кредит, 560 цагийн "Цэргийн тусгай бэлтгэл" сургалтад хамруулж, цэргийн алба хаалгана. "Оюутан-цэрэг хөтөлбөр" хэрэгжүүлэхийн тулд цэргийн байр, хичээлийн анги, танхим, сургалтын хотхонууд, гал тогоо бүхий "Шархад" дахь иж бүрэн сургалтын төвийг шинээр барина. Сургалтын төвд жилд 500-1000 оюутан цэргийн бэлтгэл сургалтад хамруулах боломжтой.
Оюутнуудыг цэргийн ерөнхий болон тусгай бэлтгэл сургалтад хамруулж ,цэргийн алба хаалгах журмыг Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран баталж хэрэгжүүлнэ. "Оюутан-цэрэг хөтөлбөр" хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг батлан хамгаалахын салбарын жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх зорилт тусгагдсаны дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг гарсан нь энэ хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болжээ.