
Сүүлийн үед гэр хорооллыг дахин төлөвлөхтэй холбоотойгоор нийслэлд усны хэрэглээ асар их нэмэгдэх төлөвтэй болсон байна. Улаанбаатар орчимд тогтоогдсон усны нөөцөөс олборлолт давахаар төлөв үүсчээ. Гэтэл нийслэлийн орон сууцны хэрэглэгчид усыг хэт тансаг байдлаар хэрэглэж байгааг илтгэгч дурдав. Гүний цэнгэг усаар машинаа угаадаг орон Монголоос өөр байхгүй. Саудын Арабт нэг хүн хоногт дунджаар 150 л,Германд 100-110 л ус хэрэглэж байхад Улаанбаатарт орон сууцны нэг оршин суугч хоногт 200 гаруй л ус хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Харин гэр хорооллын оршин суугчид устай л байвал баярлалаа гэдэг дундад зууны үеийн хэрэглээтэй хэвээр байгаа гэлээ.
Нийслэл орчимд газрын дорх усны түвшин буурч, Туул голын урсац хавартаа тасарч, ерөнхийдөө 2016 он гэхэд Улаанбаатар усны хомсдолд орж мэдэхээр болжээ. “Туул голын бохирдол дээд цэгтээ хүрч, бохир зайлуулдаг суваг болсон.Иймд усны ашиглалт, эрүүл ахуйд асуудалд анхааралтай хандах цаг иржээ” гэлээ.