
Төрийн түгжрэлгүй, хөнгөвчилсөн үйлчилгээг иргэдэд хүргэхийн тулд өнгөрсөн хавраас аймаг, нийслэлийн дүүргүүдэд ТҮЦ машиныг байрлуулсан. Иргэд энэ машинаас төрсний бүртгэл, иргэний үнэмлэх, гэрлэлт цуцлалтын бүртгэл, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, орлогын албан татварын лавлагаа зэрэг олон үйлчилгээ авах боломжтой. Гэтэл зарим банк ТҮЦ машинаас авсан лавлагаагаар иргэдэд үйлчлэхгүй байгаа аж. Энэ талаар Худалдаа хөгжлийн банкны маркетингийн ахлах менежер Б.Батцэнгэлээс тодруулахад “Иргэний буртгэлийн тухай хуульд иргэнийг төлөөлөх бичиг баримт бол иргэний үнэмлэх, гадаад паспорт гэсэн байдаг. Тиймээс иргэний үнэмлэхний лавлагаа нь тэр хүнийг төлөөлж чадахгүй учраас манай бүх салбар, тооцооны нэгж тэр лавлагаагаар үйлчлэхгүй байгаа. Зөвхөн манайх гэлтгүй бусад банк ч үйлчлэхгүй байгаа. Мөнгөтэй холбоотой асуудал учраас лавлагаагаар үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Иргэний үнэмлэхээ гээсэн хүмүүс гадаад паспортоороо үйлчлүүлэх боломжтой” гэсэн юм.
Харин УБЕГ-ын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэг энэ талаар доорх тайлбарыг хийлээ. Тэрбээр “Бид иргэдээс ирсэн гомдлын дагуу Монголын банкны холбоо болон Монгол банкинд төр, засгаас явуулж байгаа бодлогыг дэмжиж ажиллахыг уламжилсан. Энэ дагуу арилжааны банкууд иргэний үнэмлэхний лавлагаагаар үйлчилж эхэлсэн. Харин зарим банк үйлчилгээ үзүүлэхгүй хэвээр байна. Иймээс энэ асуудлыг шийдэж өгөх хүсэлтийг Засгийн газарт тавьсан. Удахгүй хариу ирүүлэх байх. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.10-т “Улсын бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгож болно” гэж заасан байдаг. ТҮЦ машинаар олгож байгаа лавлагаа, тодорхойлолт нь манай мэдээллийн санд холбогдсон, тусгай нууцлалтай тул эргэлзэх зүйлгүй” гэлээ.