
Өнөөдрийн байдлаар гурван аймгийн 11 сум шүлхий өвчний голомттой байна. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ сумдад 1462 мал шүлхийгээр өвчилснөөс 1388 малыг устгажээ. Хэнтий аймгийн Галшар суманд 324 мал өвчилж бүгдийг нь устгасан байна. Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад 273 мал өвчилснөөс 257 малыг устгав. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгийн 287 цэгт 1321 хүн 265 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Өнөө өглөөний тоон мэдээллийг өмнөх өдрийн мөн үетэй харьцуулахад дээрх гурван аймгийн голомттой бүс нутгуудад 173 мал нэмж өвчилсөн байна. Тиймээс Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгуудад зорчихгүй байхыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/