
Шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор анхан шатны иргэний 3,4 дугаар шүүхийн үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулагдсан, бодит нөхцөл байдал ямар байгаа талаар Иргэний хэргийн анхан шатны 3-р шүүхийн шүүгч П.Цэцэгдулам, 4-р шүүхийн шүүгч Б.Нармандах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явц, гарч буй бэрхшээл, ажиллах нөхцөл зэргийн талаар эвлэрүүлэн зуучлагч С.Өнөр, Б.Хэрлэнчимэг нар танилцуулжээ.
Хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хууль болон бусад хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэх нь чухал байгааг Танхимын тэргүүн тэмдэглээд, шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулахгүй байх, 2014 оноос өмнө хүлээн авсан иргэний хэргийг шийдвэрлэж дуусгахыг шүүгч нарт анхааруулсан байна.
Түүнчлэн шүүхийн захиргааны ажилтны ажлын хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах нөхцлийг бүрдүүлж ажиллахыг тамгын дарга, шүүхийн захиргааны ажилтнуудаас хүсчээ.
Энэ үеэр Улсын Дээд шүүхийн шүүгч А.Доржготов Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар, Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч П.Золзаяа эвлэрлийн гэрээг шүүгч баталгаажуулахад анхаарах зарим асуудлын талаар тус тус мэдээлэл хийсэн байна.
Дашрамд дурдахад Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлалын зөвлөл хамтран “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам”-ын талаар орон нутгийн бүх шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нартай цахим ярилцлага зохион байгуулжээ.
Ярилцлагад Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, Улсын Дээд шүүхийн шүүгч, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг, Иргэний хэргийн давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч П.Золзаяа, Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн шүүгч М.Баясгалан, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярсайхан нар оролцож, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нарын асуултад хариу өгсөн байна.
Иргэдийн итгэлийг алдагдуулахгүй байх үүднээс Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг улсын хэмжээнд нэр мөр хэрэгжүүлэх, эвлэрүүлэн зуучлагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь өнөөгийн нөхцөлд илүү чухал байгааг уулзалтын үеэр танхимын тэргүүн онцолжээ.
Д.Ундрах /24tsag.mn/