
Өнгөрсөн өдрүүдэд мансууруулах төрлийн бодис биедээ авч явсан, хэрэглэхийг завдсан хэрэг хэд, хэдэн удаа гарч Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хамгийн сүүлд л гэхэд уржигдар Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Room” караокед төрсөн өдрөө тэмдэглэхээр хэсэг залуус үйлчлүүлсэн бөгөөд тэдний нэг 26 настай Т нь 8х6 см хэмжээтэй гялгар ууттай цагаан өнгийн нунтаг бодисыг биедээ авч явжээ. Түүнчлэн өдрийн цагаар гудамж талбайд мансууруулах төрлийн өвс ургамал бусдад худалдаалахыг завдсан, биедээ авч явсан тохиолдол гарчээ. Тодруулбал, энэ сарын 21-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Б,Х, Т нар худалдаж борлуулах зорилгоор өөрсдийн эзэмшлийн автомашиндаа мансууруулах төрлийн бодис хадгалж байсныг Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаагчид саатуулжээ.