
Сүүлийн жилүүдэд шар үнэг, хярс, тарваганы тоо толгой багасч байна. Эдгээр амьтан нь бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг өсөх үржихээс сэргийлдэг. Тийм учраас бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг биологийн аргаар зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шар үнэг, хярс үнэг, тарвага агнах хугацааг гурван жилээр сунгалаа.
Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хууль бус агнуур буурахгүй байгаагийн улмаас тал хээрийн саарал чонын тоо толгой багасчээ. Тийм учраас эдгээр аймагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар чоно агнахыг гурван жилийн хугацаагаар хориглолоо. Энэ хугацаанд агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, агнуурын бүс нутгийг эзэнтэй болгох, чонын тоо толгойг өсгөх арга хэмжээ авах үүргийг аймгийн Засаг дарга нар хүлээжээ.