
НАМЗХ-ны бүсгүйчүүд саяхан “УИХ-ын эмэгтэй гишүүдэд эмэгтэйчүүд үг дайя” уриатай “Стикер” аяныг зохион байгуулсан билээ. Энэхүү аяны гол зорилго нь эгэл жирийн ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүдийн дуу хоолойг газар дээрээс нь сонсон, санал бодлыг нь төрийн түшээ эмэгтэйчүүдэд хүргэх явдал байв. Харин аянд хамрагдсан эмэгтэйчүүдийн дийлэнх нь өөрсдийнхөө болон өсвөр үеийнхний эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах шаардлагатайг энэ үеэр хэлж байжээ. Иймээс НАМЗХ-ны дэргэдэх залуу эмэгтэйчүүдийн "Brilliant" клубээс энэхүү асуудлыг төр засгийн сонорт хүргэх зорилгоор "Эмэгтэйчүүдийн эмнэлгийн чанар, стандарт ба хүний эрх" сэдэвт хэлэлцүүлгийг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.
Манай улсын нийт хүн амын 51.4 хувийг эмэгтэйчүүд, үүний 17.4 хувийг өсвөр насны охид эзэлж байна. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд бол төрийн бодлогын цөмд гарцаагүй байх ёстой чухал асуудал. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг, тэдний эрүүл мэндийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулах байгууллагын тоо эрс нэмэгдсэн нь сайн хэрэг боловч тэдгээрийн баталгаат байдал, чанар, стандартын асуудал шаардлагын төвшинд хүрэхгүй байна. Иймд дээрх асуудалд салбарын яам, мэргэжлийн хяналтын байгууллага, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага, Хүний эрхийн комисс онцгой анхаарах ёстой гэж хэлэлцүүлэгт оролцогсод үзэж байгаа ажээ.