
Улаанбаатар хотод долоон төрлийн халдварт өвчний 102 тохиолдол бүртгэгдсэнээс салхин цэцэг, гар хөл амны өвчин, цусан суулга зонхилж байна. Сургууль, цэцэрлэгийн тандалтын мэдээгээр томуу төст өвчин зонхилж, ирээгүй шалтгааны 30 гаруй хувь нь өвчний шалтгаантай байгаа аж. Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаториар үйлчлүүлэгчдийн 10.1 хувь, Улаанбаатар хотод 10.8 хувь, аймгуудын дундаж 9.6 хувийг эзэлж байна. Лабораторид хийсэн шинжилгээний сорьцын 27 хувьд нь томуугийн вирус илэрчээ. Аймгуудын хэмжээнд түргэн тусламжийн дуудлагад томуу төст өвчний шалтгаантай дуудлага 23.4 хувийг эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар бага байна. Харуулдан тандалтын нэгдсэн эмнэлгүүдийн нийт батлагдсан орны тоог хэвтэн эмчлүүлэгсдийн тоотой харьцуулбал Улаанбаатар хотын эмнэлгүүдэд 249, аймгуудын нийлбэр дүнгээр нийт 528 өвчтөний нэмэлт ачаалалтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ явагдаж байгаа аж.