
Монголын Залуучуудын Холбооноос 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа “Залуу хүн” цуврал лекцийг сонсоогүй, дуулаагүй мөн лекцэнд ирж суугаагүй залуучууд ховор байх. Өнгөрсөн 2 долоо хоногийн баасан гаригуудад зохион байгуулагдаж хамгийн анхны зочиноор “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболд оролцож “Зоригдол” сэдвээр лекц уншсан бол Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан цуврал лекцийн зочиноор “Хамтын халуун сэтгэл” ТББ-ын тэргүүн З.Сарантуяа оролцож “Итгэлцэл” сэдвээр лекц уншсан юм. Тэгвэл энэ удаагийн зочиноор Хүний эрхийн активист Б.Золзаяа оролцож “Жендерийг энгийнээр” сэдвээр лекц унших гэж байна. Түүний талаар товч өгүүлэхэд Б.Золзаяа нь Хүний эрх, Жендэрийн шударга ёс, Ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр 2008 оноос эхлэн ажиллаж ирсэн туршлагатай. Энэ чиглэлээр хамт олныг бэхжүүлэн чадавхижуулах болон бодлогод нөлөөлөх түүнчлэн олон нийтэд мэдээлэл түгээх,нөлөөлөх олон төслүүд дээр удирдан манлайлж ажилласанбөгөөд одоо “Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд” ТББ-ын ерөнхий зохицуулагчаар ажиллаж байна. Мөн Хүний эрх, Жендэрийн эрх тэгш байдлын төлөө олон сонгуульт ажлыг давхар хашдаг юм байна. Энэ долоо хоногийн баасан гариг буюу 3-р сарын 14-ний өдөр 17:37 минутаас МЗХ-ны төв байранд болох лекцэнд ирж жендерийн талаар илэн далангүй халуун дотно яриа өрнүүлээрэй.