
Мөн ажил хайгчаар бүртгүүлсэн залуучуудыг Нийслэлийн Хөдөлмөрийн Газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдах ажлуудад хамруулах бөгөөд хичээлийн бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах талаар зохион байгуулагчдын зүгээс хэллээ. Хөдөлмөрийн яармагт оролцсоноор ажил олгогчид хүний нөөц бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, лед дэлгэцээр компанийхаа сурталчилгааг гаргах, их дээд сургуулиудын оюутан залуучуудын төвлөрөлийг бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагад үнэ төлбөргүй нээлттэй ажлын байраа сурталчилах бол ажил хайгчид цагийн ажлын байранд шууд зуучлагдах, ажлын байрны талаарх бүх мэдээллийг авах, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжийг сонгох, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжээ сонгох зэрэг боломжууд нээлттэй байх юм.

Энэ үеэр зарим оюутнаас санал бодлыг нь сонсоход "Өнөөдрийн эл арга хэмжээ маш их таалагдаж байна. Бидэнд чөлөөт цаг зав маш их гардаг. Тиймээс чөлөөт цагаараа ажил хийж хэрэгцээнийхээ мөнгийг олох шаардлага маш их тулгардаг. Гэвч ажил олдохоосоо олдохгүй нь их байдаг. Энэ арга хэмжээгээр дамжуулж өөрийн цаг завдаа тохирсон цагийн ажлыг олно гэдэгт бүрэн итгэлтэй байна" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/