
Нийслэлийн цагдаагийн газар Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс сэргийлэх хэлтэстэй болсон. Хохирогчийг хамгаалах, хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үндсэн үүрэгтэй ажиллах тус хэлтэс нь 32 хүний бүрэлдэхүүнтэй билээ. Мөн тус хэлтсийн дэргэд хүчирхийлэлд өртөгсдийг байрлуулах “Түр хамгаалах байр” ажиллаж эхэлсэн юм. Энэхүү байрыг шинээр байгуулагдсан Тахарын алба чиг үүргийнхээ дагуу хамгаалалтад авахаар болжээ. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас санаачлан Эрдэнэт, Дундговь аймагт “Түр хамгаалах байр” байгуулах аж. Мөн Сүхбаатар, Говь-Алтай, Завхан зэрэг аймагт хохирогчдод зориулсан нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байртай болохоор ажиллаж байгаа юм байна.