Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэргэд 12 хүнтэй Мал хамгаалах санг байгуулж, аймаг, сум бүрт орон тооны бус зөвлөлийг ажиллуулж байна. Харин өнгөрсөн жилүүдэд нийслэлийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн хэрэгжилт муу байснаас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нөхцөл бүрдээгүй, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд аж ахуй эрхлэх явдлыг эцэслэн шийдэж чадаагүй зэрэг хүндрэлүүд гарч байгаа юм.Мөн 2012-2016 онд “Нийслэлийн иргэдийн шингэн сүүний хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах” зорилт дэвшүүлсэн. Уг зорилтыг хэрэгжүүлэх, гарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн мал хамгаалах санг байгууллаа. Тус сангийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллах бөгөөд үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулна. Нийслэлийн мал хамгаалах санг байгуулсанаар мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй Үндэсний хөтөлбөрүүдэд тусгагдсан зорилтот арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, дэмжих, судалгаа хийх, бэлчээрийн даац тодорхойлох зэрэг ажлыг шат дараатай зохион байгуулах аж.



















































