Монгол улсын морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан “ШИМ ЕРТӨНЦ” нэртэй тоглолтоо энэ сарын 22-нд буюу Дэлхийн усны өдөрт зориулан тоглох гэж байна. Тус тоглолтын онцлог нь байгаль экологийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг гол агуулгаа болгон, цөлжилт, усны нөөцийн хомсдол, элсэн шуурга, ан амьтдын хомсдол зэргийг хөгжмийн бүтээлээр илэрхийлэх аж. Тоглолт Улсын филармонийн концертын танхимд болно. Тус тоглолтонд ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга, гоцлол дуучин Г.Шижирболд, Улсын филармонийн гоцлол дуучин С.Баттулга нар оролцох аж. Удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы хувьд өмнө нь мэргэжлийн дуунуудаас бүрдсэн “Хуураар аргадсан аялгуу” тоглолтоо хийж байсан юм. Харин энэ удаад тэрээр үзэгч сонсогчдод байгаль дэлхийгээ сонсох цаг болсоныг уран бүтээлээрээ сануулах юм байна.
Т.Энхэлээ


















































